ЗАВХАН: Бат бөх гэр бүлийн төлөө зорилтот ажлыг тогтмол явуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймаг тогтвортой амьдрал, амгалан гэр
бүл ажлыг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Завхан аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд гэр бүлийн чиглэлээр нэг зорилт, 9 ажлыг төлөвлөжээ.
Мөн аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр гэр бүлд чиглэсэн ажлын чанар хүртээмжийг сайжруулах.
Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр дөрвөн зорилт, 7 ажлыг хэрэгжүүлж байна.
Аймгийн Засаг даргын 2021 оны А/492 дугаар захирамжаар “Тогтвортой амьдрал-амгалан гэр бүл” ажлыг 2021-2024 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлнэ. Жил бүрийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгаж хэрэгжилтийг ханган, бодит үр дүнг гаргахын төлөө бүх талын хамтын оролцоотой ажиллаж байна. Энэ ажил нь гэр бүл салалтыг багасгах, гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, гэр бүлээрээ ая тухтай өнгөрүүлэх орчин нөхцөлийг сайжруулах зорилготой юм.
Сүүлийн гурван жилийн хугацаанд дээрх ажлын хүрээнд гэр
бүлүүдэд зориулсан зорилтот ажлыг давхардсан тоогоор 40 гаруй удаа зохион
байгуулж, нийт 5600 гаруй иргэн, гэр бүл оролцсон байна.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 оноос эхлэн жил бүрийн тавдугаар capын 15-ныг “Олон улсын гэр бүлийн өдөр” болгон 30 дахь жилдээ тэмдэглэж байна.
Энэ өдрийг манай улс 2003 оноос тэмдэглэх болсон бөгөөд энэ өдөр УИХ-ын тогтоолоор Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлогыг батлан гаргаж байв.
Түүнээс хойш манай улсад гэр бүлд тулгамдаж буй асуудал, шийдлийг эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагууд, төр, иргэний нийгмийн байгууллагууд хамтран хэлэлцдэг болсон юм.
2023 онд Олон улсын гэр бүлийн өдрийг “Гэр бүл ба хүн ам зүйн өөрчлөлт” сэдвийн дор тэмдэглэж, гэр бүлийн гишүүд бие биенийхээ ялгаатай байдал, хэрэгцээг ойлгон хүндэтгэх, хайрлах. Энхрий үрсээ эрүүл, осол аюулгүй, амар тайван өсгөн бойжуулах.
Гэр бүлийн ахмад гишүүдээ хүндэтгэн халамжлах, өсвөр насны хүүхэд, залуусдаа анхаарал тавьж, найз нь, түшиг тулгуур нь байх. Бие биенээ дэмжиж, хамтдаа хөгжихөд бүх нийтийг уриалж буй аж.
Завхан аймагт олон улсын гэр бүлийн өдрийг угтаж, “Аз жаргалтай гэр бүл” өдөрлөг гэр бүлийн боловсрол олгох сургалтуудыг зохион байгуулсан. Аз жаргалтай гэр бүл өдөрлөгийг Улиастай сумын зургаан багтай хамтран явуулж, 17 гэр бүлийг оролцууллаа.
Хүүхдийн нас хөгжлийн онцлог, гэр бүл дэх хүүхдийн хүмүүжил, хөгжил сэдвүүдээр сургалт мэдээлэл өглөө. Мөн эцэг эхчүүдтэй нээлттэй харилцан ярилцаж, гэр бүлийн харилцаанд тулгамддаг асуудлуудаар нь ярилцаж, хамтдаа шийдэлд хүрэх арга замыг зааж өглөө. Мөн хүүхдүүд эцэг эхдээ хандаж бичсэн захидал бүхий "Сэтгэлийн илгээмж" үйл ажиллагаа, гэр бүлийн хөгжөөнт тэмцээнүүдийг энэ үеэр зохион байгуулсан.
Балжиннямын Баярсайхан сантай хамтран гэр бүлийн боловсрол
олгох сургалтыг 12 сумын 1671 хүнийг хамруулан зохион байгуулсан. Сургалтыг Гэр
бүлийн хөгжил боловсролыг дэмжих сан НҮТББ-ын гэр бүл судлаач, боловсролын
удирдлагын докторант Ч.Амартунгалаг, Гэр бүл хүүхэд хөгжлийн коуч, сэтгэл зүйч Х.Ариунтуяа
нар удирдан явуулсан. Энэ үеэр хөдөө орон нутгийн иргэдэд гэр бүлийн харилцаа, эцэг
эх, хүүхдийн харилцаа, эхнэр нөхрийн харилцаа, сэтгэл хөдлөл мэдрэмжээ удирдах
нь, стресс менежмент сэдвүүдээр мэдээлэл өгч, гэр бүлийн үнэ цэнийн талаарх
ойлголт мэдлэгийг нь нэмлээ.
Мөн шинээр гэр бүл болж буй залуучуудад зориулан гэрлэхийн
өмнөх боловсрол олгох сургалтыг явуулах, гэрлэх ёслолын “Хүндэтгэлийн өргөө”-г
байгуулахаар орон нутгийн төсвийн санхүүжүүлтээр тохижуулахаар төлөвлөж байна
гэж аймгийн ГБХЗХГ-аас мэдээлэв.
Завхан аймаг 2022 оны эцэст 73.8 мянган хүн амтай байна. Судалгаанаас
үзэхэд, тус аймгийн хүн амын тоо өсөх хандлагатай байна. Энэ нь шилжих
хөдөлгөөн, нас баралт, хүн амын мэдээллийн сангийн давхардалтыг арилгасан зэрэг
нь нөлөөлсөн. Харин аймгийн нийт өрхийн тоо 21.7 мянга болж өмнөх оны мөн
үеэс 0.2 хувиар өссөн байна. Байршлаар авч үзвэл 42.7 хувь нь аймгийн төвд,
57.3 хувь нь сумдад буюу хөдөөд оршин сууж байна.
2022 оны байдлаар өрх толгойлсон ганц бие эцэг эх 4274 байгаагаас 3207 нь ганц бие өрх толгойлсон эх, 18 хүртэлх настай дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх 1483 байна.
Нийт өрхийн 13571 буюу 66 хувь нь гэрт, 33 хувь нь хувийн сууцанд, нэг хувь нь орон сууцанд амьдарч байна. Мөн онд 438 хос гэрлэлтээ батлуулсан бол 21 хос гэрлэлтээ албан ёсоор цуцлуулжээ. Харин сүүлийн таван жилийн судалгаагаар гэр бүлийн хүчирхийллийн тохиолдлын тоо 40 хувиар өссөн байна гэж аймгийн Шүүхээс мэдээлэв.