ГОВЬ-АЛТАЙ: "Ид шидийн орон Говь-Алтай" төсөл хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-05-01 13:09:31

Есөнбулаг /Есөнбулаг/. "Ид шидийн орон Говь-Алтай" төсөл хэрэгжихээр дөрөвдүгээр сарын 30-нд нээлтээ хийлээ.


Нээлтийн үйл ажиллагаанд "Лантуун дохио" ТББ-ын удирдлагууд, Говь-Алтай аймгийн төслийн баг, "Зүрх мартахгүй" төслийн санаачлагч Б.Болдсайхан нар оролцсон юм.


Энэ үеэр Аймгийн залуучуудын холбооны тэргүүн ЁХатанбаатар, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Говь-Алтай салбар зөвлөлийн тэргүүн Э.Энхнаран нартай хамтарч ажиллах санамж бичиг үзэглэн төслийг баг хамт олноороо дэмжин ажиллахаа илэрхийлж байлаа.


"Лантуу дохио" ТББ-аас "Ид шидийн орон" хүүхэд хөгжил хамгааллын төвийг Улаанбаатар хот болон орон нутгуудад төсөл хэлбэрээр хэрэгжүүлж байгаа билээ. Хүүхэд хөгжил хамгааллын төвүүд Хөвсгөл, Архангай, Увс, Говь-Алтай, Өвөрхангай, Хэнтий, Ховд аймагт хэрэгжиж үйл ажиллагаагаа ийнхүү эхлүүлээд байгаа юм. Говь-Алтай аймагт баригдах энэхүү төв нь 2023 оны дөрөвдүгээр сараас аравдугаар сарын 15-ны хооронд хэрэгжих бөгөөд төслийн санаачлагчаар "Лантуу дохио" ТББ, "Их Алтайн шидтэнгүүд" НҮТББ ажиллаж буй аж. "Ид шидийн орон Говь-Алтай" төвийн орчин нөхцөлөөр дамжуулан хүүхдийн хөгжилд суурилсан хамгааллын үйлчилгээг түгээн дэлгэрүүлэх, хүртээмжтэй байдлыг хангасан сайн туршлага бүтээх замаар хүүхдэд ээлтэй орон нутгийг бий болгохыг зорьж байна. Энэ төв бий болсноор хүүхэд хөгжил хамгааллын сургалт, сэтгэлзүйн зөвлөгөө үйлчилгээ, хүүхдийн оролцооны танхим, кофе шоп болон номын сан, цахим хөгжлийн сургалт гэх мэт олон талын үйл ажиллагаа өрнүүлж, өдөрт дунджаар 350-400 хүүхдэд үйлчилгээ үзүүлэх боломжтойг Говь-Алтай аймаг дахь төслийн удирдагч Г.Хурцгэрэл нээлтийн үеэр онцлон хэлж байлаа.



Ид шидийн орон хүүхдийн хөгжил хамгааллын төв нь нэг удаагийн тусламж хэлбэртэй бус хүүхэд бүрт нээлттэй, тэднийг адил тэгш хөгжих боломжийг бүрдүүлсэн олон жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулах боловсрол, хүмүүжил, эрүүл мэнд, хөгжил, хамгаалал зэрэг цогц асуудлыг шийдэх чухал төсөл юм. 

Холбоотой мэдээ