ХОВД: Тарвас тариалсан талбайн гялгар цаасыг цэвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-04-25 11:14:59

Жаргалант /МОНЦАМЭ/. Тарвас бол Ховд аймгийн брэнд бүтээгдэхүүний нэг юм. Нутгийн онцлогоос шалтгаалан Буянт сумын иргэд, тариаланчид тарвасыг түлхүү тариалдаг.

Тариаланчид тарвас тариалах явцад гялгар цаас ашигладаг бөгөөд ажлын дараа тухайн цаасыг авч цэвэрлээгүй үлдээх тохиолдол их гардаг юм. Энэ нь орчны бохирдол үүсэхэд нөлөөлж байгаа тул Буянт сумын ЗДТГ-аас тарвас тариалсан иргэдэд зориулан уриалга гаргаж, талбайн гялгар цаасыг цэвэрлэх ажил эхэлсэн байна. 

Мөн ашигласан газраа цэвэрлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохыг мэдэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл, хуульд заасны дагуу газар эзэмшигч, ашиглагч нь газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд “Газрыг бохирдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, иргэнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээв.


Холбоотой мэдээ