СЭЛЭНГЭ: Аймгийн хүүхдийн төлөө зөвлөл “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор үйл ажиллагаагаа чиглүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-04-21 12:48:54

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нийт байгууллага, иргэд хүүхдийн эрхийг хамгаалах, салбар дундын хамтын ажиллагаа, үйлчилгээний хүртээмжээ нэмэгдүүлэн бүхий л үйл ажиллагаагаа “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор чиглүүлэн ажиллаж байна.


Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ахлуулсан хүүхдийн төлөө зөвлөл тус аймгийн 17 сум, 6 тосгонд ажиллаж байна.


Тус зөвлөл нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, холбогдох төрийн байгууллагад чиглэл, хуулийн этгээдэд зөвлөмж өгөх чиг үүрэгтэйгээр ажилладаг байна.

Сэлэнгэ аймгийн нийт хүн амын 37.0 хувийг 18 хүртэлх насны 33637 хүүхэд, залуус эзэлж байгаа.

Аймгийн хүүхдийн төлөө зөвлөлөөс хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлаар 3 зорилтын хүрээнд 17 арга хэмжээг тусган хүүхдийн эрхийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа аж. Тухайлбал хүүхдэд чиглэсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, хөгжил хамгааллын асуудлыг үе шаттай хэрэгжүүлж байна.  

Энэхүү ажил арга хэмжээний талаар аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Н.Лхагвадоржоос тодрууллаа.

”Бид 2022 онд хүүхдийн сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах үүднээс “Сургалтын байгууллага-Тоног төхөөрөмж” үйл ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд 516.1 сая төгрөгийн төсөв бүхий хичээлийн хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж, 2 сургууль, 1 цэцэрлэгт 206 сая төгрөгийн төсвөөр их засварын ажил хийсэн.

Мөн Ерөө суманд “Монгол Алт” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар 960 хүүхдийн сургууль шинээр ашиглалтад орлоо. Мөн 2 сургуулийн барилгын ажил эхлээд явж байна.  

Аймгийн хэмжээнд Хөгжлийн бэршээлтэй хүүхдийг тэгш хамран сургах үүднээс 51 боловсролын байгууллагад 168 хүүхэд суралцаж байна. Сурагчдын орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Сүхбаатар сумын 3-р сурууль, 6 дугаар цэцэрлэгт жишиг танхимыг байгуулсан.  

Мөн хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж 1165 хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэн, хөгжил, оролцоог сайжруулах, биеийн тамир, спорт, урлаг соёлын олон талт арга хэмжээг зохион байгуулсан” хэмээв.

Сэлэнгэ аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2023 оныг Гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын жил" болгон зарлажээ. Энэхүү зарласан жилтэйгээ холбогдуулан “Хүүхэд хөгжил”, “Хүүхэд хамгаалал” гэсэн хоёр чиглэлийн хүрээнд үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа аж.

Тухайлбал 20 ажлыг хэрэгжүүлэхээр 2023 оны Хүүхдийн төлөө зөвлөлийн төлөвлөгөөнд тусгажээ. Энэхүү үйл ажиллагаагаа салбар дундын оролцоотойгоор хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хэмээн аймгийн ГБХЗХГ-ын дарга П.Оюун ярилаа.

Холбоотой мэдээ