СҮХБААТАР: Цагдаагийн болон дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-04-13 15:01:53

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Тус аймагт өнөөдөр Цагдаагийн албаны болон Дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх, цагдаагийн тангараг давтах ёслолын үйл ажиллагаа боллоо. Ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаанд ЦЕГ-ын төлөөллүүд, аймаг орон нутаг болон цэрэг, хууль сахиулах байгууллагын удирдлага, алба хаагчид, ахмадууд оролцож туганд хүндэтгэл үзүүллээ.

 

Тугийг 1992 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардаж авснаас хойш туг шинэчлэгдээгүй өнөөг хүрчээ. Улмаар Цагдаа, дотоодын цэргийн ахмадын зөвлөл санаачлан тугийг шинэчлэн сэлбэжээ. Ингэхдээ Монгол Улсын 21 аймгийн 200 гаруй сумаас нийт 330 гаруй адууны дэл сүүлээр сэлбэсэн байна. Цагдаагийн байгууллагын туг нь бие бүрэлдэхүүний сүр жавхлан, яруу алдрын илэрхийлэл, сүслэн дээдлэх ариун шүтээн, оройн сүлд, золбоо хийморийн бэлгэдэл, Дотоодын цэргийн цагаан арслан бэлгэдэл нь эр зориг, сүр хүч, цог хийморь, мандан бадрахын илэрхийлэл аж.

Цагдаагийн байгууллагын 100 гаруй жилийн түүхэнд Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаар ингэж тугийг аялуулж байсан удаагүй. Албандаа 20,30 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан ч оройн дээд шүтээн болсон тугаа харж байсан алба хаагч маш ховор байдаг. Тиймээс энэхүү аялал, ёслолын ажиллагааг зохион байгуулснаар алба хаагчид тугандаа хүндэтэл үзүүлэх, албаараа бахархах, ажил албандаа хандах хандлага нь сайжрах цаашлаад цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах гээд олон талын ач холбогдолтой гэдгийг ЦЕГ-ын даргын зөвлөлийн гишүүн, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан хэллээ.

ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар албаны үйл ажиллагааг сурталчлах, алба хаагчдын албандаа итгэх итгэл, албаараа бахархах, урам зоригийг сэргээх, өсвөр үе, хүүхэд залуучуудад тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл, эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулах, түүх соёлоо хайрлан хамгаалах, эх оронч иргэнийг төлөвшүүлэх зорилгоор алба хаагчдын бахархал, үнэт зүйл болсон Цагдаагийн болон дотоодын цэргийн байлдааны тугийг 21 аймгаар ийнхүү тойрон аялуулж цэнгүүлэх, хүндэтгэл үзүүлэх, цагдаагийн тангараг давтах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

 

Холбоотой мэдээ