ХОВД: Байгаль хамгаалал, аялал жуулчлалыг хослуулан хөгжүүлэхэд хамтран ажиллах санал тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-04-12 15:36:08

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн удирдлагууд гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлд анхаарч ажиллаж ирсэн.

Энэ удаа тус аймгийн Засаг дарга Э.Болормаагийн зүгээс Ховд аймагт ажлын айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Парламентын гишүүн, Их Британийн Ерөнхий сайдын томилсон Монгол Улсыг хариуцсан худалдааны элч ноён Даниэл Кочински,  Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малон болон холбогдох албаны төлөөллийг хүлээн авч, уулзлаа.  

Энэхүү уулзалт нь Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Монгол Улсын Ховд аймаг хоорондын хамтын ажиллагааны эхлэл болж, аймгийн гадаад харилцааг өргөжүүлэхэд чухал ач холбогдол өгнө гэж мэргэжилтнүүд үзэж байна. 

Дээрх уулзалтын хүрээнд:

-Хот өргөжин тэлж жил ирэх тусам хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа учраас байгальд ээлтэй дулааны технологи нэвтрүүлэх замаар Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх

-Шинэ техник, технологи, хөрөнгө оруулалт татах замаар мал аж ахуй, газар тариалан эрхлэгчдийг дэмжих үүднээс Хөдөө аж ахуйн салбарт

-Алслагдсан бүс нутгийн иргэдийн орлогод нь тохирсон орон сууц барих эрэлт хэрэгцээ байгаа учир барилгын салбарт

-Байгаль хамгаалал, аялал жуулчлалыг хослуулан хөгжүүлэхэд

-Мэдлэг, боловсролтой боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарч, хамтран ажиллах санал тавьжээ.

Ноён Даниэл Кочински хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны үр дүнгийн талаар танилцуулж, цаашид нэг аймгийг сонгон аль ч салбарт хамтран ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийлсэн байна. 

 

Холбоотой мэдээ