ГОВЬ-АЛТАЙ: Хачигт халдвараар өвчилсөн дөрвөн тохиолдол бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-04-07 15:36:52

Есөнбулаг  /МОНЦАМЭ/. Энэ он гарснаас хойш Говь-Алтай аймагт хачигт халдвараар өвчилсөн дөрвөн тохиолдол бүртгэгджээ.


Тодруулбал, Есөнбулаг сумаас гурав, Дэлгэр сумаас нэг хүн хачигт халдвараар өвчилсөн байна. Энэ жил хачигт халдварын шинжилгээ хийгдэж байгаа голомтод сум бол Баян-Уул, Хөхморьт юм. Өмнөх онд Дэлгэр, Есөнбулаг, Тайшир суманд шинжилгээ судалгаа хийж, хачигт халдварын голомттой гэдэг нь батлагджээ.


Сүүлийн жилүүдэд хачигт халдварын өвчлөлийн тохиолдол нэмэгдэх болсон талаар Говь-Алтай аймгийн ЗООНОЗ өвчин судлалын төвөөс мэдээлж, иргэдэд зөвлөмж хүргэлээ. Тухайлбал, 2019 оны зургаадугаар сарын байдлаар Говь-Алтай аймагт хачигт халдварын 50 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2020 оны зургаадугаар сарын байдлаар 160 гаруй тохиолдол бүртгэгдэж халдварын тоо эрс нэмэгдэх болсон байна.


Хачигт халдварын идэвхжил ихэсч буйтай холбогдуулан иргэдийг хачигт халдвараас сэргийлж онцын шаардлагагүй бол идэвхжлийн үед хөдөө, орон нутагт зорчихгүй байх, халдварын голомттой газраар явах бол тод өнгийн, битүү хувцас өмсөх, хачигтай байж болзошгүй арьс шир, ноос ноолуурыг гэр орондоо байрлуулах, хадгалахаас аль болох татгалзах, хүүхдээс хол байлгахыг анхаарууллаа.

Холбоотой мэдээ