ГОВЬ-АЛТАЙ: Шинжлэх ухааны академитай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-03-31 13:46:10

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Б.Рэгдэл, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.


"Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт нутагшуулъя" аяны хүрээнд Шинжлэх ухааны академи, Говь-Алтай аймгийн Засаг дарга хоорондын хамтран ажиллах санамж бичиг байгуулж, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачдын шинжлэх ухаан, технологи, инновацын ололт амжилтыг орон нутагт нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэхээр болов.  Үүний сацуу эрдэм шинжилгээний ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах, орон нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн судалгаа боловсруулалтын ажлыг зохион байгуулах, инновацын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлүүдээр хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.

Санамж бичигт хэд хэдэн томоохон ажлыг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Жишээлбэл, энэ оны дөрөвдүгээр сарын 8-нд Улаанбаатар хотод Говь-Алтай аймгийн хөгжлийн тулгамдсан асуудлаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах аж. Энэ хуралд Говь-Алтай аймгаас төрсөн эрдэмтэн судлаачид оролцоно гэдгийг ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Рэгдэл онцоллоо.

Холбоотой мэдээ