ДУНДГОВЬ: Нарийн мэргэжлийн эмч нарын хангалт 98,7 хувьд хүрсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-03-31 11:01:45
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Жил бүрийн гуравдугаар сарын 30-ныг “Дэлхийн эмч нарын өдөр” болгон тэмдэглэдэг. Дундговь аймгийн хувьд энэхүү өдрийг өнөөдөр тэмдэглэн, эрүүл мэндийн манаанд зогссон эмч нартаа талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлж байна.

Тус аймгийн хэмжээнд өнөөдөр 135 их эмч ажиллаж байгаагийн 46,7 хувь нь нарийн мэргэжлийн их эмч байна. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад 55 их эмч ажилладаг.

Сүүлийн хоёр жилд сэргэээн засах, дотор, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, шүд нүүр ам судлалаар  эмч нар сурч төгсөн, нутагтаа ирж ажилласнаар нарийн мэргэжлийн эмчийн хангалт 7,3 хувиар нэмэгдэж, 98,7 хувьд хүржээ.

Эрүүл мэндийн салбарын хөгжлийн түүхийг бүтээлцэн, өнөөгийн түвшинд хүргэхэд хувь нэмрээ оруулж, нойр хоолоо умартан, цаг наргүй ажиллаж, хөдөлмөрөө төрд үнэлүүлэн Хүний гавьяат эмч цол хүртсэн олон эмч нар бий. Тодруулбал, анестезиолог- сэхээний эмчээр ажиллаж асан Ш.Готов, хүүхдийн эмч Л.Болормаа, Говь-Угтаал сумын эмч Т.Жагай, тус сумын их эмч Д.Данзансамбуу, хүүхдийн эмч М.Баянсан, Б.Ганхөлөг, Б.Дэлгэр, Ш.Балжинням, С.Дуламсүрэн, Д.Отгонбаатар, Я.Дашпагма нараар Дундговь аймгийн ард иргэд, залуу эмч нар бахархаж буй.

Тус аймгийн эрүүл мэндийн салбарын хамт олон жилдээ 700-800 эхийг эсэн мэнд амаржуулж, жирэмсний эрт хяналтыг 90,0 хувиас дээш тоонд хүргэж, 2009 оноос хойш 14 дэх жилдээ эхийн эндэгдэлгүй ажиллаж, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 5 хүртэлх промилиор бууруулжээ. Түүнчлэн 2022 онд аймгийн Засаг дарга болон Эрүүл мэндийн сайдтай, байгуулсан хатран ажиллах гэрээний биелэлт 86,2 хувьтай дүгнүүлж, 21 аймгаас  хоёрдугаар байрт шалгарсан амжилтаар энэ өдрийг угтаж байна.

Сүүлийн жилүүдэд Дундговь аймгийн эрүүл мэндийн салбарт гарсан ололт, амжилтын талаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Алтантөгсөөс тодруулахад:

“Манай аймгийн хувьд эрүүл мэндийн салбарт эмчилгээний шинэ дэвшилтэт аргууд жил бүр олноор нэвтэрч байна. Тухайлбал, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлэн эрүүл мэндийн чанар, хүртээмж, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлнэ” гэсэн зорилт дэвшүүлж, аймгийн “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилттэйгээр байгуулж, тоног төхөөрөмж, орчин үеийн эмнэлгийн стандартад нийцсэн засвар тохижилтыг хийснээр иргэд ая тухтай түргэн шуурхай, үйлчилгээ авах боломж бүрдсэн. Түүнчлэн манай аймгийн хувьд:

-Хэвлийн дурангийн мэс засал эмчилгээг 2017 оноос нутагшуулж  цөсний хүүдий, мухар олгой, эмэгтэйчүүдийн мэс засал, ивэрхийн мэс засал, хуухнагийн венийн судас боох, гэмтлийн үеийн дурангийн мэс засал эмчилгээг хийж байна,

-Төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгт мэргэшсэн эмч нарын хийдэг шилбэ ясны хугарлыг ясны голоор түгжиж бэхлэх мэс заслыг нутагшуулсэн,

-Хамрын таславч тэгшлэх, хамрын самалдаг тайрах, хамар ясны хуучин хугарал засах, хамрын ургацаг авах зэрэг мэс заслыг  орон нутагтаа  хийж байна,   

-Гэмтэл согог судлалын үндэсний төв, "CORENTEC“ ХХК-тай хамтран өвдөгний үе солих мэс заслын эмчилгээг  нэвтрүүлж  амжилттай хийж байна.    

-Дундговь аймгийн иргэд орон нутагтаа бөөр, шээсний замын мэс заслын тусламж үйлчилгээг авах нөхцөл боломжийг бүрдүүлж, бөөрний хавдар  авах мэс засал, бөөрний уйланхай авах мэс засал, бөөрний уйланхай хатаах, нефростомия , цистостомия ажилбаруудыг хийж байна,

-Бөөр орлуулах эмчилгээний аргыг нэвтрүүлснээр бөөрний дутагдалтай иргэд орон нутагтай эмчилгээ хийлгэх боломжтой болсон,

-Нүдний уг дурандах, хаалттай өнцөгт нүдний даралт оношлох, нүдний дотоод даралт хэмжих зэрэг багаж тоног төхөөрөмж ашиглан нүдний өвчний оношилгоо, эмчилгээг хийдэг болсон,

-IQ буюу оюун ухааны чадамжийг тодорхойлох шинжилгээг хийдэг болж, оюун ухааны хомсдолтой хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрэгсэд, хүүхдийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд илгээдэг урсгалыг зогсоолоо,

-Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх, урьдчилан сэргийлэх, үзлэг, оношилгоо эмчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн уламжлалт анаагаах ухааны төв нь Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг болсон зэрэг амжилттай ажиллаж байна.

Ингэснээрээ дээд шатлалын эмнэлэгт очих иргэдийн урсгалын тоо буурсан төдийгүй зарим суманд нарийн мэргэжлийн эмч нар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг болж байна.



Аймаг ч хүнээ хөгжүүлэх бодлого барьж ажиллаж байгаа нь эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг тогтвортой ажиллахад их дэмжлэг болж байна” гээд эрүүл энхийн манаанд хүчин зүтгэж ирсэн, өнөөдөр ажиллаж буй нийт  эмч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, эм зүйч нарт Дэлхийн эмч нарын баярын мэнд хүргэж амжилт хүслээ.  

Холбоотой мэдээ