ХОВД: Олон ястны угтах хаалганд энэ жил 2000 ширхэг мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-03-27 15:37:19

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төв рүү орох, гарах замд 10 мянган мод тарьж, "Олон ястны угтах хаалга” болгох санаачилга өрнөж байна.


“Амьд ногоон хаалга биднийг угтана” уриан дор 2018 оноос эхлэн хэрэгжиж буй тус мод тарих ажлыг Дэлхийн байгаль хамгаалах сан \ДБХС\, “Түмэн модот хаалга” ТББ анх санаачилж байв.


Бичигтийн хөтөл буюу модон овооноос Ховд аймгийн төв хүртэл 4.5 км зайтай.

Тус газрыг дагасан хатуу хучилттай авто замын хоёр талд одоогийн байдлаар иргэд, олон нийтийн оролцоотойгоор 8200 ширхэг мод тарьж, ургуулж байна.

2023 онд тухайн газарт шинээр 2000 ширхэг мод тарихаар төлөвлөжээ. Энд тарьж буй мод гэвэл ихэвчлэн улиас, хайлаас юм.


Модыг арчлах, хамгаалах тал дээр байгаль орчны салбар байгууллагын мэргэжилтнүүд, иргэд  анхаарч, хамтран ажиллаж байгаа бөгөөд модны ургалтын түвшин сайн байгаа аж. 

Зарим модны тухайд мөчрөөр нь өдгөө мод үржүүлж бэлтгэхээр нөөц бололцоотой болж ургажээ. Арчилж ургуулж чадвал нэг мөчир хэд л бол хэдэн мод болж ургах чадалтай аж. 

Дээрх ажлын үр дүнд Ховд аймаг нь иргэдийн оролцоотойгоор ногоон байгууламжтай болох, хотын өнгө үзэмж, тохижилтыг сайжруулах боломж бүрдэх юм. 


Холбоотой мэдээ