ДУНДГОВЬ: С.Бямбаа: Монгол хүний үндсэн чанар бол бусдад хүндэтгэлтэй ханддаг сайхан сэтгэл

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-03-16 16:30:53
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын өндөр настан Сэрээтэр овогтой Бямбаа хэмээх буурайтай мал аж ахуй, зан заншил, ёс уламжлал, монгол эмэгтэйн онцлог болон өөрийнх нь туулсан амьдралын нь тухай хуучиллаа.

80 нас шүргэж яваа ахмад буурай малаа маллаж, сүү цагаан идээгээ боловсруулж, гэрийн оосор бүч, хошлонгоо томж, оёж, шидэж, монгол эмэгтэн ур ухааныг үр хойчдоо сурган өвлүүлж яваа ахмад настан. Түүнээс гадна С.Бямбаа буурайн нэг онцлог нь монгол дээл, хантаазыг байнга өмсөж, сум, аймаг, баг, эмэгтэйчүүд, ахмадын байгууллагын үйл ажиллагаанд тогтмол оролцон, үгээ хэлж, санал бодлоо илэрхийлж явдаг оролцоотой иргэн юм.

-Та өөрийнхөө тухай, мал аж ахуй болон туулсан амьдралынхаа тухай хуучлаач?

-Ухаан орох цагаас л мал дагаж байна даа. Эмээ нь сургууль, соёлд сурсангүй, гэхдээ малчин хүн, малчин эмэгтэй гэж хэлүүлэх өндөр босгыг давжээ.

Монголын малчин эмэгтэй гэдэг малаа малладаг, идээ цагаагаа хийдэг, үйл үртэс мэтгэдэг, гэрийнхээ бүрээс, оосор бүчийг хийдэг, арьс нэхийгээ элддэг, үр хүүхдээ сургадаг, хүмүүжүүлдэг, оюун ухаан төгс, дадлага, чадвар өндөртэй, хатан ухаантай хүмүүс шүү. Монгол эмэгтэйг магтсан олон магтаал бий.

70-аад жил мал маллажээ. Хоёр удаа аймгийн “Энх мэнд сүрэгтэн”, 1 удаа Сайнцагаан сумын “Мэнд сүрэгтэн”, Мянгат малчин, Мянгат саальчин  болж байлаа.

Миний өвөө эмээ 1911 онд 1000 гаруй мал тоолуулж байсан гэдэг. Тэгэхээр миний удам эртний мянгат малчид байж. Одоо 4 үе дээрээ мөн “Мянгат” болсон байна. Би 7 хүүхэд төрүүлж, өсгөсний 6 нь малчин болсон. Малын буян хязгааргүй дээ.

-Та тухайн үед нэгдлийн малчин байжээ. Нэгдлийн малчин байх нь өнөөгийн малчдаас өөр байсан. Энэ үеэ дурсах уу?   

-Нэгдэлд 700 гаруй мал маллаж байлаа. Тэр үед малаа маллана, ноос, ноолуураа бэлтгэж тушаана, сүү цагаан идээгээ тушаана, норм төлөвлөгөө биелүүлнэ, төлөө бүрэн бойжуулж, малаа өсгөнө, хадлан тэжээл бэлтгэнэ гээд бусад малчдын л адил хөдөлмөрлөж явлаа даа.

1958 онд манайх нэгдэлд мал хөрөнгөө нийгэмчилж, 1960-аад оноос Мандах нэгдэл, Сайнцагаан сумын Далай багт сүү цагаан идээ бэлтгэн өгч, сумын сүүний худалдаа, аймгийн Намын хороо, 17 дугаар бааз, хүнсний үйлдвэр, тоосгон завод, шүүх прокурор, ахуй үйлчилгээний нормын сүү, ХАА-н удирдах газар, Барилгын зургийн товчоо, Барилгын 6-р трест, Эрүүлийг хамгаалах газрын амбулатори, Сайнцагаан сумын сүүний агент зэрэгт сүү нийлүүлдэг байсан. Сүү, сааль бэлтгэх төлөвлөгөөг давуулан биелүүлдэг “Мянгат саальчин” байлаа даа.

-Тантай уулзаж, тантай ярилцах тусам уламжлалт мал аж ахуй, зан заншил, өв соёлыг мэдэрдэг. Байнга л монгол хувцсаараа гоёж, хаана ч байсан монгол уламжлалаа л ярьж, сургаж байдаг танаар бахархаж явдаг юм.

-Монгол дээл хувцас гэдэг их утга учиртай юм. Дээлийн энгэр, зах, дотоод энгэр, нударга, бүс гээд бүгд онцлогтой. Дээлийн нударга гэхэд буян хишгийг даллаж, тогтоож байдаг учиртай.

Гараа зөрүүлээд ханцуйдаа хийж, нийлүүлэхэд нударга “ембүү” болдог юм шүү дээ. Монгол эмэгтэйчүүд харин сүүлийн үед нударгатай дээл хийж өмсөх болж. Энэнд эмээ нь их баясаж байгаа.

Монгол уламжлал зөвхөн дээл хувцас ч биш, асар их өв соёл, зан заншил бий, зарим нь алга болж байна. Монгол хүний үндсэн чанар юу байв, бусдад хүндэтгэлтэй ханддаг сайхан сэтгэл байлаа. Нүүж яваа айл, нүүдлийг идээ, цайгаа бариад тосож очдог тэр хүндэтгэл хаана байна, алдагдаж байна. Залуу эмэгтэйчүүд маань энэ зан заншлыг алдагдуулалгүй авч явж байх хэрэгтэй. Энэ бол жинхэнэ монгол ёс заншил.

Уламжлалаа хадгална гэдэг том соёл. Уламжлалт аргаар малаа маллаж, идээ цагаагаа бэлтгэж, арьс, нэхийгээ элдэж, гэрийнхээ оосор бүч гээд бүх л зүйлийг өөрөө хийдэг, оёдог тэр арга, аргачлалыг сураад мэдээд, ахуй амьдралдаа түүнийгээ ашиглаж явахгүй бол боломгүй санагддаг юм.

-Та аймгийн Эмэгтэйчүүдийн байгууллагын үйл ажиллагааг маш их дэмжиж, оролцож, эмэгтэйчүүд, залуучуудад үргэлж сургаалиа хэлж байдаг. Энэ байгууллагатай хэзээнээс холбогдож, үйл ажиллагааг нь дэмждэг болсон бэ?

-Би 7 хүүхэд төрүүлж өсгөсөн,  Алдарт эхийн 1, 2 дугаар одонтой эх хүн шүү дээ. 1970-аад оны үеэс л Эмэгтэйчүүдийн холбоо гэдэг байгууллагатай амьдралаа холбож явна.

Эмэгтэйчүүд гэдэг оюун ухаантай, хатан ухаантай хүмүүс байдаг. Эр хүнийг зөөллөж, үр хүүхдээ хүмүүжүүлж явдаг суу билигтэй хүмүүс. Энэ ухаантнуудыг нэгтгэсэн энэ байгуулагынхаа бүхий л үйл ажиллагаанд оролцдог. Түүний илэрхийлэл байх даа, Монголын эмэгтэйчүүдийн холбооны дурсгалын тэмдгээр 4 удаа шагнуулсан байна. Манай аймгийн эмэгтэйчүүдийн байгууллага ч их сайн ажилладаг.

Энэ бол сайн дурын ажил. Би хүмүүст тус хүргэж, буян хийж явахыг л боддог. 16 настайгаасаа хойш 2000 гаруй номын баринтиг оёж, хэрэгтэй хүмүүст нь өгсөн. Малын нэмнээ маш олныг оёсон доо.

-Та “мал маллахын ашиг тус их, малын буян хязгааргүй дээ” гэсэн. Тодруулвал...?

-Монгол маань мал аж ахуйн орон. Малаас гарч байгаа юм бүхэн үйлдвэрлэлийн түүхий эд болж, сүү, цагаан идээ, мах нь хүнсний гол бүтээгдэхүүн болж байна. Тэгэхээр мал аж ахуй бол үйлдвэрийг түүхий эдээр, хүн амыг хүнсээр хангадаг гэсэн үг.

Тиймээс малаа сайхан өсгөж, ашиг шимийг нь бүрэн дүүрэн ашиглах нь чухал. Эрүүл хүнс энд л байна шүү. Сүү, ааруул, тараг, айргаа хүртэхэд кальциар дутахгүй. Гэтэл одоо үйлдвэрийн аргаар гаргасан кальци гэдэг бүтээгдэхүүнийг өндөр үнээр худалдаж аваад байдаг даа. Тэгэхээр малаас гарч байгаа бүхнээ улам хөгжүүлэх хэрэгтэй.

Хөдөөний бид яахав, арьс, нэхийгээ элдээд дээл, хувцас хийгээд болоод байхад энэ нь төвд амьдардаг хүмүүсийн хэрэгцээг хангахгүй байж болно. Тэгвэл хөгжүүлэх л хэрэгтэй, тэр хүмүүсийн хэрэгцээг хангахын төлөө явах юм бол хөгжил гэдэг чинь тэр болно биз дээ.

Эрүүл малын буяныг зөвхөн малчид хүртээд байгаа юм биш шүү. Энэ монголын бүх хүн хүртэж байгаа. Тиймээс малаа эрүүл байлгах тал дээр хаа хаанаа анхаарах нь чухал аа.

Мал аж ахуйгаа дагаад малчид бидэнд тэнгэр хангайгаа шинжих, уул, усаа аргадах, эмчилгээ хийх монгол домын арга, монгол үндэсний билигдэл, ёс уламжлал, зан заншил гээд агуу өв соёл байна. Түүнийгээ үлгэр тууль, дуугаар дамжуулаад бидэнд үлдээсэн байна. Залуучууд минь судалж, суралцаж, цаашид үр хойчдоо өвлүүлэх хэрэгтэй. Эмээ нь малд хайртай. Малын буян их шүү.

-Ярилцсанд баярлалаа. Урт наслаарай!

Холбоотой мэдээ