БУЛГАН: Хөрш ард түмний “Эв модны наадам”

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-03-15 09:20:19

Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг, ОХУ-ын Буриад Улсын Закамень аймгийн ард түмний хооронд “Эв модны наадам” хийдэг уламжлалтай. 1990-ээд оны сүүлчээр Бага Илэнх-Айнек голын хилийн боомт түр хугацаагаар нээгдэж байх үеэр хоёр талын үндэсний их баяр наадам, “Сур харваан” зэрэг баярын үеэр жил бүр ээлжлэн “Эв модны наадам” хийдэг байсан юм. Сүүлийн удаа 2019 онд Тэшиг суманд зохион байгуулсан “Алтаргана” наадмын үеэр эв мод нийлүүлж ёслол үйлдэж байлаа.

Эв модны наадмын үүсэл, хөгжлийн түүхэн улбааг түүхч, зохиолч И.Цоодол судалжээ. 1689 онд Манж, Орос хоёрын Нерчугийн гэрээгээр хуучин оросууд Халхтай хилийн худалдаа хийдэг байсныг зогсоосныг 1727 оны Хиагт Буурын гэрээ дахин хянан үзээд Орос-Монголын ард түмний эсэргүүцэл тэмцэлд шахагдан Орос-Монголын хил орчмын ард түмнүүд уулзалт худалдаа хийх явдлыг аргагүй зөвшөөрч хоёр талын харуулын зангиуд биечлэн зохион байгуулж, жилд 1-4 удаа хилийн худалдаа хийлгэхээр болжээ. Ийнхүү дөчөөд жил хаагдан боогдож байсан Орос-Монголын хил орчмын харуул ардуудад бөөн баяр болж, мөн жилдээ удаан хаагдаад нээгдсэний анхны уулзалт худалдааг жирийн уулзалт бус баяр ёслол болгож, бэлэгдлийн тэмдэг дуу хууртайгаар тэмдэглэснээр Монгол-Оросын ард түмний уламжлалт "Эв модны наадам" үүсжээ. Энэ бол 1727 оны намар малын тарга хүч, ангийн үс зүс гүйцэж, үр жимс боловсорсон үе байлаа. Энэ гэрээг Хиагт-Буурын гэрээ гэсний учир нь гэвэл уг гэрээ хоёр шаттай явагдаж, эхнийх нь Оросын Хиагт сууринд төгсгөлийнх нь Буурын голд болсноос ийнхүү нэрлэгджээ.


Эв модны наадмыг Хөвсгөл, Булган аймагт "Ханхын болзоо", "Хантайн арилжаа" гэсэн нэртэйгээр хийж, улмаар Зэлтэр, Хярааны, Хүдэр зэрэг харуулуудын нутагт зохиогддог байжээ. Ган зудгүй өнтэй жил улирал тутам, хатуу жилд нэг удаа ихэвчлэн намар хийдэг байжээ. Эхлээд энэ уулзалт худалдааг "Болзоо” гэдэг байснаа хожим наймаалцаж эхлээд наадаж төгсдөг болсноор "Наадам" гэх болжээ.

"Эв модны наадам" гэсний учир нь сонин юм. Болзоот худалдаа-наадам хийгээд төгсөхдөө хоёр улсын хилийн дээс газраас уртаашаа хоёр барим, бүдүүнээрээ атга дүүрэн мод хэсэглэн авч цуулаад хоёр талын харуулын занги буюу эсвэл ахмад, нэр хүндтэй Монгол-Орос хоёр хүнд торгонд боож хадгалуулдаг. Дараагийн болзоот өдөр уулзахдаа хоёр талаас ирсэн бүx хүний нүдэн дээр хоёр талын харуулын занги боодолтой модоо задлан цуулагдсан эвээр нь нийлүүлж үздэг. Ингээд уг мод хаягдаж, солигдоогүй бол яг цуулбарынхаа эвээр нийлдэг ажээ.

Ийнхүү эв нийлэхэд нь хүрэлцэн ирсэн бүгдээрээ баярлан уухайлж, хоёр занги "Эвээрээ хэвээрээ, хэвээрээ эвээрээ" гэж гурав дахин хэлэхэд хүмүүс уухайлж, зочид ахлах хүмүүс суудлаа эзлэн наймаа наадмаа эхэлцгээдэг ажээ. Энэхүү эв мод хоёр талын ард түмэн санал сэтгэл хувираагүй эв найртай, итгэлтэй байгаагийн илэрхийлэл бэлэгдэл ажээ.

Булган, Закамень аймгийн ард түмэн “Эв модны наадам” хийхдээ энэ уламжлалаар эв модоо нийлүүлж наадмаа эхэлдэг юм.

Холбоотой мэдээ