БАЯН-ӨЛГИЙ: Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн барилга ашиглалтад оров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-03-03 14:57:24

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотод улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн барилга ашиглалтад орлоо.


Тус барилгын нийт төсөвт өртөг нь 9,2 тэрбум төгрөг бөгөөд барилга угсралтын ажил нь 2019 онд эхэлсэн. Барилгын ажлыг орон нутгийн «Агайын» компани гүйцэтгэж, төлөвлөсөн хугацаанд багтаан ашиглалтад оруулж байна.


Тус аймгийн 20 гаруй төрийн байгууллага өөрийн гэсэн байргүйн улмаас олон жилийн турш түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж өнөөдрийг хүргэсэн. Энэ нь төсөвт ачаалал үүсгэхээс гадна иргэд төрийн үйлчилгээг төвлөрсөн байдлаар түргэн шуурхай авахад хүндрэл учирч байлаа.


Зургаан давхар, 7500 ам метр талбайтай, 200 хүний суудалтай хурлын заал, зочид буудал, зоогийн газартай Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн барилга ашиглалтад орсноор төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл сайжирч, иргэд төрийн үйлчилгээг нэг цэгээс авах боломж бүрдэж байна. Түүнчлэн төрийн үйлчилгээний барилгыг 21 аймгийн дундаас анх удаа нэгдсэн зохион байгуулалтаар барьснаараа онцлог болов.


Тус барилгыг харьяаллын хувьд аймгийн ЗДТГ хариуцах ба аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Орон нутгийн өмчийн газар, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, Архивын тасаг, Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, Насан туршийн боловсролын төв, Цагааннуурын чөлөөт бүс, Нийгэм эдийн засгийн судалгааны төв зэрэг 20 гаруй байгууллага /300 орчим ажилтан/ байрлан үйл ажиллагаа явуулна.  

Холбоотой мэдээ