ЦАГААН САРЫН ЗАН ҮЙЛ: Бурхад тус тусдаа өөрийн балинтай

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2023-02-15 16:30:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд өвлийн адаг сарын шинийн 25-нд бурхан бүртээ өөр өөрийн балинг тавиад “хаждын чого” хурна. Энэ нь төгс буянт зурхайн ёсны 17 дугаар жарны "үзэсгэлэн болгогч" хэмээх  усан туулай жилийн  хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг угтах бурхны шашны хурлын эхлэл юм байна.


Дараа нь 3 хоног сахиус хурна. Сахиус 3 хоног хурсны төгсгөл буюу 29-ний орой Чойжоо дүгжүү хийж сор зална. Сорд муу, муухай бүхнийг шингээж  гаргана. Тэнд л бүх утга учир байгаа гэж үздэг. Ийм зан үйл хийж байгаа нь энэ жилийн гай барцдыг дараагийн жилд дамжуулахгүй байх зан үйл гэж ойлгож болохоор байна. Харин битүүнд 22 цагаас Цэдэрлхамыг уншиж эхэлдэг. Энэ хурлыг эхлэхэд шавдаг, довог тавьдаг. Түүнээс гадна Балданлхам, Гандарлхам, Хөөрөхөнлхам гээд таван лхамын балин байдаг. Тэдгээр балинг маслаар чимдэг онцлогтой. Энэ бүхнийг тахилч лам нар хийдэг байна.


Гандантэгчэлин хийдийн да Чомбоор ахлуулсан лам нар өвлийн дунд сараас эхлээд балин тахил хийх ажилдаа оржээ. Эдгээрийг хийхийн тулд дацан бүрээс гурав, нийт 33 лам /залуухан/ гарынхаа урыг гарган бүтээсэн байна. Энэ нь хүүхэд залуучуудынхаа ур чадварыг дээшлүүлэх, улмаар тэдэнд өвлүүлэхэд чиглэсэн давхар сургалт болдог онцлогтой байх юм. Үүнд 1,2 тн арвайн гурил, 300 кг шар тос, 400 кг элсэн чихэр ордог. Түүнээс гадна малын бөөрний өөхийг уламжлалт аргаар усанд дэвтээгээд гараар базаж аваад хальс, судаснаас нь салгаж цэвэр тос болгон ашигладаг юм байна. Гандантэгчэлин хийдэд уламжлагдан ирсэн амталгаа, зай бүгдийг нь балинд оруулдаг гэж да Чомбо Баянбилэг ярилаа. Энэ мэт орсон материалынх нь овор хэмжээгээр тооцвол тэдний гараас хоёр тн орчим төрөл бүрийн зориулалт, овор хэмжээтэй балин гардаг байна.


Гандангийн гал тогоо

Тус хийдийн гал тогооны далай зам /ахлах тогооч / А. Оюунсүрэн эдүгээ 12 дахь жилдээ ажиллаж байна. Түүнээс сүүлийн гурван жилд нь дээрх албыг хашиж байгаа юм билээ. Анх туслах боовчин гэдэг ажилд тэр орж байжээ. Тэр үед далай зам гэдэг энэ ажлыг Ядамсүрэн гэж хүн хийж байсан байна. Харин одоо бол Ядамсүрэн гуайн заасан замаар тэр арга технологиор Гандангийн гал тогоог ахлан ажиллаж байна.


Гандантэгчэлин хийдийн хашаан дахь дугануудад өвлийн адаг сарын 25-наас хуучин номын хурал адислагаа эхэлдэг. Өглөгийн эзэд /эдгээр хурлуудыг даадаг айл , иргэд/-ийн өргөлөөр тохируулаад идээ, цагаа. хоол ундыг нь ахлах зам А.Оюунсүрэнгээр ахлуулсан багийнхан бэлтгэдэг. Өглөгийн эздийн тоо жил ирэх тусам хүрээгээ тэлж байгаа юм байна. Анх түүнийг ажилд орж байхад 10, 20 жил хурал дааж хуруулж байна гээд айлууд байсан байна. Тэд одоо ч хурал дааж хуруулсаар байгаа аж. Шинээр олон айл өрх нэмэгдсэн гэж тэр хэлж байна. Нэг үгээр хэлбэл иргэд бурхан шашнаа дээдэлж итгэл үнэмшилтэйгээр хурал ном айлтгаж буян үйлдэх болжээ. Буянд орой үгүй гэж энэ биз ээ.


Харин битүүнд Цэдэрлам хурлыг хурдаг байх жишээтэй. Энэ хурлыг лам нар шөнөжингөө хурдаг онцлогтой. Хурал хурах лам нарын идээ ундааг оройны 17 цагаас эхлээд бэлтгэнэ. Бид бэлтгэсэн идээ ундаагаа дуганчид өгнө. Да дуганч лам цайныхаа дээжийг нь бурхдад өргөөд цааш нь лам нарт түгээнэ. Лам нартаа эхлээд цай, бэрээсий цагаан идээ, дараа нь бор цав / шөлтэй, махан хоол/ барих жишээтэй.


Хаврын тэргүүн цагаан сарын шинийн 1-нийг угтсан ийм онцлогтой хуралд 600-800 лам ном хурдаг юм байна . Тэнд цай, идээ, унд бэлтгэхэд Гандангийн гал тогоонд далай замаас гадна нэг тогооч, хоёр туслах байна. Гэхдээ тэдний гал тогоо бусад нийтийн хоолны газруудын гал тогоотой адилхан хүнсний төрөл бүрийн ногоог цэвэрлэж бэлтгэдэггүй. Шашны дээр үеэсээ уламжлагдаад ирсэн цай, бэрээсийгээ хийдэг. Бусадтай адилхан хувин сав, нэг, хоёр дугаар хоолны цахилгаан тогоо хэрэглэдэггүй. Харин 120-600 литрийн багтаамжтай хүрэл цутгамал тогоог тусгайлан тоноглож газ хэрэглэж цай ундаа хийх болсон байна. Уг хүрэл тогоог 1904 онд Хөх хотод хийсэн, хажуу талаараа төвөд, уйгуржин бичгийн чимэглэлтэй.


Лам нар олноороо оролцож хурдаг хурал бий. Жишээ нь 800 лам хурлаа гэж үзэхэд, тэдэнд бэрээсий бэлтгэхэд нэг өдөрт 50 кг цагаан будаа, 12 кг шар тос, 12 кг элсэн чихэр, үзэм ордог байх жишээтэй. Энэ 600 литрийн багтаамжтай тогоонд бэрээсий хийхэд, цагаан будаагаа эхлээд угааж,, агшаагаад шар тос элсэн чихэр, үзмээ хийгээд хутгах жишээтэй. Амталгаа хийхэд хутгалт маш их чухал байдаг  гэнэ.


Гандантэгчэлин хийдийн хашаанд байрлах 7-8 дуганд энгийн үед өдөр бүр хамгийн багадаа 200-300 лам ном хурдаг. Тэдний манз, цавыг /цай, хоол/ энэ гал тогоонд дээр дурдсан бүрэлдэхүүнээр бэлтгэж нийлүүлнэ.

Гал тогооноос гарсан идээ ундаа да дуганчийн гар дээр хүрч хурлын лам нарт хүрдэг байх юм. Да дуганчийн хийх ажил үүгээр хязгаарлагдахгүй, хуучин номын буюу өвлийн адаг сарын 25-ны хурал эхлэхэд дуганы цэвэрлэгээ, тав тух бүгдийг хангуулсан байх ёстой. Эдгээр хурлуудын үед да дуганч  ямар ажил хариуцдаг талаар Г. Галсандамба, “Цэдэрлхам хурахаас 1 цагийн өмнө 21 цагт Батцагаан дуганы үүдэн дээр 4 бүрээч гарч ирж их бүрээ үлээнэ. Энэ зан үйл нэг цагт багтана. Дараа нь 22 цагаас битүүний хурал эхэлнэ. Энэ хурал шөнөжин үргэлжилдэг. Энэ хооронд данраг унших үед шүүс, ууцыг ёсоор нь байрлуулдаг” гэж хэлсэн юм.


Харин шинийн 1-ний өглөө хурал гадаалж эргэж дугандаа орж ирээд Хамба, цорж, гэсгүй  нартайгаа болон лам нар хоорондоо золгоод хурал завсарладаг. Энэ завсарлага 16 цаг хүртэл үргэлжилнэ. Харин тэр цагаас эхлэн ерөөл уншиж эхэлдэг. Ерөөл унших төрөл бүрийн хурал хурах энэ зан үйл шинийн 14 хүртэл үргэлжилнэ.


Хуучин гал тогоондоо түлээ модоо бэлтгээд өдөр болгон галлаад цай хоолоо хийдэг байжээ. Шинэ гал тогоонд ороод хийн зууханд шилжүүлсэн байна. Хий /газ/ бол ажил их хөнгөвчилдөг. Гэхдээ гал дээр хийсэн цай, хоол амттай болдог гэж далай зам хуучнаа сэргээн дурсав. Гандангийн гал тогоо бор цав /шөлтэй хоол, бууз хуушуур/-д зөвхөн цагаан гаа, гоньд, давс хэрэглэдэг. Эдгээрээс өөр төрлийн ямар нэг нарийн ногоо хэрэглэдэггүй. Энэ нь өөрийнх нь онцлог хоолны том соёл, соёлын биет бус өв болон хадгалагджээ.


Энэ гал тогооноос уламжлалт аргаар гараар нухаж хийсэн тавгийн идээ засдаг хэвийн боовыг Гандан нэрийн дэлгүүрээр борлуулж байна. Гандангийн гал тогооны хэвийн боовны гол онцлог адис жанлавт нь байдаг аж. Учир нь өглөө бүр лам нар орж ирээд сангаа тавьж ариусгадаг байна.  

Холбоотой мэдээ