ГОВЬ-АЛТАЙ: "Туульсын хаан Жангар" гал тахих зан үйл боллоо

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2023-02-12 13:12:13

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. "Туульсын хаан Жангар" ёслол хүндэтгэлийн "Гал тахих" зан үйл Жанчив баатрын талбайд боллоо.


Тодруулбал, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын санаачилгаар 1000 туульч “Туульсын хаан Жангар” тууль хайлах бөгөөд зан үйл хоёрдугаар сарын 12-ны 19.00 цагаас болох юм. Тууль хайлах зан үйлийн өмнө ийнхүү тэнгэрээ аргадаж гал тахих үйлийг өргөн дэлгэр зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Д.Даваадорж, Засаг дарга О.Амгаланбаатар албаны бусад төлөөлөл болон Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан, Төрийн батламжит туульч, МУСТА Э.Баатаржав, Төрийн батламжит туульч Д.Баатархүү, тус аймгийн ард иргэд өргөнөөр оролцлоо. 


Монгол Улсын Төрийн батламжит туульч, МУСТА Э.Баатаржаваас галын тахилгын зан үйлийн талаар тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ: 

"Говь-Алтай аймгийнхан эртний зан үйл 13 овоо галын тахилгаараа Жангар туулийг залуу хойч үедээ түгээн дэлгэрүүлэх нээлтийн ёслолоо хийлээ. Таван эрдэнэ мал сүргийнхээ унаа уналгатайгаа өргөн олноороо сүр жавхлантай ирсэн нь үнэхээр сайхан байна. Түүнчлэн нутгийнхаа хөрсөнд ургадаг ургамлын дээж, арвай буудай энэ бүгдээр тахилга хийсэн нь жигүүртний олон хаадын амьсгалаар хүн зон, ан амьтны төлөө ерөөл ирдэг гэж үздэг. Үүний зэрэгцээ Алтайн 13 овоо гэдэг бол хэдэн мянган жилийн туршид хүн төрөлхтөн тахиж огторгуйн их галаас хээрийн галыг таслан аваад, тэрхүү хээрийн галаас гэрийн галдаа таслан бадраадаг дарааллаар ёслол төгөлдөр үйл ажиллагаа боллоо" гэв.


1000 туульч тууль хайлах үйл ажиллагааны хүрээнд ийнхүү галын тахилга болсон бол үүний дараа эрдэм шинжилгээний бага хурал болсноор "Туульсын хаан Жангар" тууль хайлах ёслол 19.00 цагаас эхэлж, хоёрдугаар сарын 13-ны үүрийн 05.00 цаг хүртэл үргэлжлэх юм.