Узбекистаны үйлдвэрийн автобусыг Улаанбаатар хотод туршилтаар явуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-02-10 12:36:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд туршилтаар явуулах гэж буй “SAZ LE60” маркийн 2 автобусыг нийслэлийн Нийтийн тээврийн газар хүлээн авлаа. Бүгд Найрамдах Узбекистан Улсын “SamAuto” ХХК үйлдвэрлэсэн автобусуудыг 1 жилийн турш нийслэлд туршилтаар явуулах юм.


"SAZ LE60" маркийн автобус нь 56 хүний багтаамжтай, өвөл, зуны цаг агаарт тохирсон агааржуулалт, камержуулалтын системтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан суудал болон налуу шаттай, 45 хэмийн хүйтэнд тэсвэртэй, цонх цантахгүй зэрэг үзүүлэлттэй. Мөн дотоод эд ангийг нь Япон Улсын “ISUZU” ХХК-иас авчээ.


Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Авто замыг тэлж, шинээр барьснаар түгжрэл багасахгүй, гол нь нийтийн тээврийг нэмэгдүүлэх нь чухал. Энэ 2 автобусыг туршилтаар явуулахаар өгч буй нь цаашдын хамтын ажиллагааны эхлэл” гэсэн юм. Узбекистан Улсын “SamAuto” ХХК нь 1999 оноос ачаа тээврийн машин, автобус үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж, ОХУ, Гүрж, Украин, Казакстан, Тажикстан улс руу экспортолдог аж. Тус компанийн орлогч захирал Ярашев.И.Т “SAZ LE60” маркийн автобусыг олон жилийн судалгаа, туршлагад үндэслэн үйлдвэрлэснийг онцлов.


Ташрамд дурдахад, Улаанбаатар хотын нийтийн тээвэрт ажлын өдөр 977, амралтын өдөр 718 автобус үйлчилгээнд явж байна. Өнгөрсөн оны байдлаар нийслэлийн хүн амын 45 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг, нийт автомашины 0.02 хувийг нийтийн тээврийн хэрэгсэл эзэлдэг судалгаа бий. Энэ хувийг өсгөж, нийтийн тээврийг нэмэхээр парк шинэчлэлийг 2024 он хүртэл үе шаттай хийж байгаа. Одоогоор нийт 217 автобус оруулж ирээд байна. Хоёрдугаар сард мөн 100 гаруй автобус шинээр авах юм. 

Холбоотой мэдээ