Сая жуулчин авахаар БНТУ, Япон, БНСУ руу 7 хоногт 34-70 удаа нислэг үйлдэх боломж бүрдүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-02-10 12:06:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс 2023, 2024, 2025 оныг Монголд зочлох аялал жуулчлалын жил болгон зарласан билээ. Иймээс жуулчдыг хүлээн авах бэлтгэлээ эрчимжүүлж, олон улсад Монголоо сурталчлах түлхүүр үгийг “Welcome to Mongolia” хэмээн зарлаж байна.


Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо байгуулж, энэ чиглэлээр салбар яамд хамтран ажиллаж байгаа. Тухайлбал БОАЖЯ, нийслэлийн аялал жуулчлалын газар, тус салбарын мэргэжлийн холбоод хамтран манай улс энэ онд 1 сая жуулчин хүлээн авах төлөвлөгөө, бэлтгэл, цаашдын зорилтоо танилцуулсан юм.

”Монголд зочлох жил - 2023-2025” стратеги, төлөвлөгөөний хүрээнд энэ онд 1 сая жуулчин хүлээн авахдаа 1-5 дугаар сард 200 мянга, 6-9 дүгээр сард 550 мянга, 10-12 дугаар сард 250 мянган жуулчин ирүүлэхээр тооцжээ. Өнгөрсөн 1 дүгээр сард 20 мянган жуулчин авахаар төлөвлөснөөс 19319 жуулчин ирсэн байна.



Мөн аялал жуулчлалын мэргэжлийн холбоод, салбарын бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл нэгдэж нэг бодлого, нэг зүгт алсыг харж ажиллахаа илэрхийлэхийн зэрэгцээ өөрсдийн чиглэлд зүтгэл гарган ажиллахаа амлав. Өнгөрсөн хугацаанд Төр хувийн хэвшил, салбар хоорондоо нэгдэн ажиллаж байсан удаагүй юм. Ийнхүү нэгдэж байгаа нь аялал жуулчлалын салбарт нэг шат ахисан үйл явдал гэдгийг хэвлэлийн хуралд оролцогчид онцолж байлаа.


Нэг сая жуулчин хүлээн авахаар ГХЯ, СЯ, СоЯ, ЦХХХЯ, ЭЗХЯ, ЗТХЯ, ХЗДХЯ хамтран цөөнгүй асуудлыг шийджээ. Тодруулбал, агаарын тээврийн салбарт 2023 онд 1,5 сая, 2024 онд 2 сая зорчигч тээвэрлэх зорилт тавиад байгаа. Энэ хүрээнд 39 улсын Засгийн газартай агаарын хэлэлцээр хийж, Япон Улс руу 7 хоногт 60 удаа, БНСУ руу 7 хоногт 70 удаа, БНТУ руу 7 хоногт 34 удаа нислэг үйлдэх боломж бүрджээ. Мөн энэ онд том оврын 4 онгоц оруулж ирэхээс ирэх 5 дугаар сард МИАТ компани Бойнг 787-900 онгоц оруулж ирэх нөхцөл бүрдүүлсэн байна.



Үүнээс гадна аялал жуулчлалын салбарт эрхзүйн шинэтгэл хийж, 2000 онд баталсан Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн дагалдах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барьсан. Тус хуулийн төслийн хүрээнд жуулчдын худалдан авсан бараа, бүтээгдэхүүний НӨАТ-ыг 100 хувь буцаан олгох, “E-Visa” олгох улс орнуудын тоог хоёр дахин нэмж, цахим системээр 48 цагийн дотор онлайнаар виз олгох, агаарын тээврийн либералчлалыг эхлүүлж, 3 жилийн хугацаанд Монголыг зорих нислэгийг хязгаарлахгүй, бүх улсаас ирэх агаарын хөлгийг хүлээн авах зохицуулалт тусгажээ.


Монголд зочлох жилийг зарласнаар энэ онд жуулчдын тоог 1 саяд хүргэж, аялал жуулчлалын салбарын орлогыг 1 тэрбум 200 сая ам.доллар буюу ДНБ-ний 11.5 хувийг эзлэх, 2024 онд жуулчны тоог 1,6 саяд хүргэж орлогыг 2 тэрбум ам.доллар буюу ДНБ-д эзлэх хувийг 16 хувь, 2025 онд 2 сая жуулчин хүлээн авч 2,5 тэрбум ам.долларын орлого олж, ДНБ-ний 20 хувийг бүрдүүлэх зорилт тавиад байгаа аж.



Түүнчлэн, Монголд жуулчлахаар ирэх Солонгосын жуулчдыг 2024 оны 12 дугаар сарын 30-ыг хүртэл, мөн 30 хүртэлх хоногоор ирэх гадаадын 34 улсын иргэдийг 3 жилийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлөөд байгаа. Хоёр хөрштэй, далайд гарцгүй, нүүдлийн соёлтой орны хувьд агаарын тээврийг либералчлах, тогтвортой ногоон аялал жуулчлалыг бэхжүүлэхийг эрмэлзэж байгааг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тэмдэглэсэн юм. 



Холбоотой мэдээ