167 тэрбум 169 сая төгрөгийн эд хөрөнгийг бүртгэлд тусгаагүй байжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-31 15:08:36

Нийслэлийн хэмжээнд явуулсан эд хөрөнгийн тооллогоор бүртгэлд тусгагдаагүй нийт 167 тэрбум 169 сая төгрөгийн өртөг 16 барилга, 1 тээврийн хэрэгсэл илэрсэн талаар НӨХГ-ын дарга Ч.Однасан өнөөдөр болсон НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулав.

Улсын хэмжээнд дөрвөн жилд нэг удаа төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн үзлэг тооллогыг явуулдаг байна. Энэ удаагийн тооллого нь зургаа дахь удаагийнх бөгөөд нийслэлийн өмчит болон нийслэлийн оролцоотой 733 байууллага хамрагджээ.

Ч.Однасангийн танилцуулснаар нийслэлийн хэмжээнд цэцэрлэг 206, сургууль 110, эрүүл мэндийн байгууллага 26, өрхийн эмнэлэг 129, төсөвт байгууллага 188, үйлдвэрийн газар 68, нийслэлийн оролцоотой хуулийн этгээд 6 тоологдсон байна.  Түүнчлэн 32,596,2 га талбай бүхий 1847 байршил дахь газрыг нийслэлийн өмчийн оролцоотой 491 хуулийн этгээд эзэмшиж байна гэсэн дүн гарчээ. Харин бүртгэлд тусгагдаагүй дээрх эд хөрөнгийг байгууллагуудын дансанд тусгуулсан гэдгийг тодотголоо.

Түүнчлэн нийт 21 байгууллагын дансад бүртгэлтэй 782 сая төгрөгийн 9 барилга байгууламж, 553 сая төгрөгийн 17 тээврийн хэрэгсэл, 74,5 сая төгрөгийн тавилга эд хогшил, тоног төхөөрөмж дутагдсан дүн гарчээ.  Эд хөрөнгө дутагдсан шалтгаан нь данс бүртгэлээс хасуулах тухай хүсэлтээ цаг хугацаанд нь холбогдох байгууллагуудад  тавьж шийдүүлээгүй, эрх бүхий байгууллагын шийдвэргүй дур мэдэн хөрөнгөө захиран зарцуулдаг зэрэгтэй холбоотой аж. Тооллогод Хөгжлийн банкны санхүүжилтээр шинээр барьсан автозам, автозамын өргөтгөл, уулзварууд, орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрээр хийсэн нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг тохижилтын ажлуудыг хамруулаагүй байна.

НИТХ-ын Тэргүүлэгчид,  Нийслэлийн өмчийн данс бүртгэлийн ажлыг сайжруулж, илэрсэн зөрчил дутагдалыг арилгуулан, хуулийн дагуу хариуцага тооцох ёстой  гэсэн санал хэллээ. Ийнхүү хуралдаанаас нийслэлийн өмчийн эд хөрөнгийн тооллогын нэгдсэн дүнг нийт 1 их наяд 229.3 тэрбум төгрөгөөр баталгаажуулан тогтоол гаргав.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ