Дарьганга суманд цэвэр усны үйлдвэр нээгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-08-31 14:38:17

Сүхбаатар аймгийн Дарьганга суманд таван дамжлага бүхий цэвэршүүлэх  төхөөрөмж, сав ариутгагч аппарат гээд тэр бүр хөдөө орон нутагт байдаггүй орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон цэвэр усны үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болжээ.

Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас гаргасан судалгаагаар хөдөө орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн үзүүлэлт муу байгаа нь ууж байгаа устай нь холбоотой гэж тогтоосон байдаг. Тиймээс хөдөө орон нутгийн иргэд ч гэсэн цэвэр усыг ундандаа ашиглах ёстой.  Энэ бол Дарьганга суманд цэвэр усны үйлдвэр барих болсон гол шалтгаан гэдгийг ДАБ ТУНА ХХК-ийн захирал Д. Баясгалан хэлж байна.

"Дагшин" цэвэр усыг 0,5л, 1,5л, 20л гэсэн гурван төрлөөр савлагдан худалдаалах бөгөөд Дарьганга суманд аялагч, жуулчид их ирдэг учир 0,5 литрийн савлагаатай усыг түлхүү гаргана. Мөн цаашид цэвэр усаа Дарьганга сумын брэнд бүтээгдэхүүн болгохыг зорьж байна гэлээ.

Цэвэр усны үйлдвэрийнхээ дэргэд гүний худаг гаргасан. худгаас ирж байгаа ус таван төрлийн цэвэршүүлэх төхөөрөмжөөр дамжин эцсийн бүтээгдэхүүн болон иргэдийн гар дээр очих юм. Энэхүү үйлдвэр нь зөвхөн Дарьганга сум төдийгүй хөрш зэргэлдээх сумдад хүртэл цэвэр ус нийлүүлэх боломжтой юм байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ