ЗАВХАН: Үндэслэлгүй цуу ярианд итгэж, хууль бусаар ан агнахгүй байхыг зөвлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-02-06 16:58:19

Завхан/МОНЦАМЭ/. Амьтны тухай хуулийн 23.3 дахь хэсэгт заасны дагуу аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ агнуурын ач холбогдолтой амьтдыг таван жилд нэг удаа тоолдог. Хуулийн дагуу Завхан аймаг 2013 онд агнуурын ач холбогдол бүхий амьтдаа тоолсноос хойш энэ жил гурав дахь удаагийн тооллогыг хийх юм. Агнуурын ач холбогдолтой амьтдыг тоолохын ач холбогдол, агнуурын талаарх тодруулга мэдээллийг Завхан аймгийн БОАЖГ-ын Биологийн төрөл зүйл хариуцсан мэргэжилтэн Э.Мягмаржаваас тодрууллаа.


-Завхан аймаг энэ жил агнуурын ач холбогдолтой амьтдыг хэдэн сард тоолох вэ? Ингэж тоолохын ач холбогдол нь юу юм бол?

-Амьтны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ агнуурын ач холбогдол бүхий амьтдаа тоолж, агнуур зохион байгуулалтыг таван жил тутамд нэг удаа хийлгэнэ гэж заасны дагуу Завхан аймаг 2013 онд агнуурын ач холбогдол бүхий амьтдаа тоолсон. Үүнээс хойш таван жилийн дараа буюу 2018 онд хоёр дахь удаагийн тооллогыг хийсэн.


Харин энэ жил гурав дахь удаагийн тооллогыг хийх гэж байна. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тооллогын ажлыг тусгасан, судалгаа, тооллогын ажлыг ирэх наймдугаар сард хөтөлбөрийн дагуу явуулна. Хамгийн сүүлийн тооллого буюу 2018 оны судалгаа, тооллогоор, аргаль хонь 447, янгир ямаа 1367, халиун буга 3717, бор гөрөөс 2714, цагаан зээр 8000, зэрлэг гахай 30, саарал чоно 541, шар үнэг 500, хярс үнэг 700, халздай дорго 300, мануул мий 100, тарвага 7906, боролзон туулай 8500, чандага 4200, өмхий хүрэн 1200 тоологджээ. Ер нь агнуурын ач холбогдолтой амьтдыг тоолох нь тэдний тоо толгойг бууруулахгүйгээр зохистой хэмжээнд хамгаалах, агнуурын зохистой, тэнцвэртэй байдлыг мөрдөхөд чухал судалгаа болдог. 



-Завхан аймагт нийт хэчнээн зүйлийн амьтад бүртгэлтэй байдаг вэ?

-Завхан аймаг нь амьтны аймгийн мужлалаар Хангайн тойрог, Хойд говийн тойрогт хамаарагддаг. Найман зүйлийн загас, дөрвөн зүйлийн мөлхөгч, 40 гаруй зүйлийн  хөхтөн үүнээс нэн ховор дөрвөн зүйл, ховор зургаан зүйлийн амьтан бүртгэлтэй байна. Харин агнуурын ач холбогдол бүхий 33 зүйлийн туруутан, махчин, мэрэгч, 17 баг, 44 овог, 141 төрөл 268 зүйлийн шувууд бүртгэгдсэн байна.



-Таван жил тутам тусгай зориулалтаар ан агнуулдаг гэлээ. Ямар журмаар агнуулдаг юм бол?

-Завхан аймаг 2014 оноос эхлэн Амьтны тухай хуульд заасны дагуу, тусгай зориулалтаар гадаадын иргэнд ан агнуулж эхэлсэн. Аймгийн хэмжээнд нийт 10 суманд тусгай болон ахуйн зориулалттай ан агнах 11 бүс байгуулсан. Харин гадаадын иргэнд тусгай зориулалтаар дөрвөн суманд таван агнуурын бүс нутагт ховор амьтан агнуулж байна.  

Тухайлбал Шилүүстэй, Яруу сумаас угалз, Алдархаан сумаас тэх, Алдархаан, Цагаанхайрхан сумаас халиун буга агнаж байгаа. Түүнчлэн ахуйн зориулалтаар агнах амьтны захиалгыг сумдаас авч, хуулийн хугацаанд нь БОАЖЯ-нд хүргүүлээд хуваарь ирсний дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр сумдад хуваарилуулан батлуулдаг журамтай.


Үүний дагуу иргэд ахуйн зориулалтаар саарал чоно, ойн зэрлэг гахай, цагаан зээр, бор гөрөөс, агнуурын шувуу агнаж болдог юм. Иргэд тухайн агнуурын бүс тогтоосон Алдархаан, Баянтэс, Нөмрөг, Их-Уул, Идэр, Тэлмэн, Тосонцэнгэл, Цагаанхайрхан, Шилүүстэй, Яруу сумаас агнаж болно. Харин иргэн ахуйн зориулалтаар ан агнах бол Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын дагуу ямар амьтныг агнах гэж байгаагаа мэдэгдэж, төлбөрийг тухайн сумын төрийн санд тушаан сумын байгаль хамгаалагчаас зөвшөөрлийн бичиг авч агнах боломжтой.

Ер нь тухайн онд  ахуйн зориулалтаар агнах, барих элбэг амьтны захиалгыг 10 дугаар сарын 15-ны дотор БОАЖЯ-д хүргүүлдэг. Жил бүр саарал чоно 15 орчим тоо толгой, зэрлэг гахай 9 орчим тоо толгой, цагаан зээр 10 орчим тоо толгой, шар үнэг 20 орчим тоо толгой, загас 150 орчим тоо толгой батлагдан сайдын тушаал ирдэг. Үүнийг агнуурын бүс тогтоосон сумдад аймгийн ИТХ-аар оруулан батлуулж сумдад хүргүүлдэг. 


Тухайлбал, Завхан аймаг 2017 онд ахуйн зориулалтаар чоно нэг, гөрөөс нэг, гахай гуравыг зөвшөөрлийн дагуу агнуулжээ. Харин 2018 онд чоно нэг, гахай нэг, 2019 онд тусгай зориулалтаар чоно нэг, цагаан зээр дөрөв, 2020 онд чоно хоёр, гөрөөс нэг, гахай нэг, загас 70 тоо толгойг зөвшөөрлийн дагуу агнуулсан байна. Харин 2021 онд гөрөөс нэг, цагаан зээр 10, гахай зургаа, загас 70 тоо толгойг, 2022 онд гахай хоёр, 45 загас, 14 цагаан зээрийг ахуйн зориулалтаар агнасан байна. Энэ онд бор гөрөөс тав, зэрлэг гахай 9, саарал чоно тавыг ахуйн зориулалтаар агнахаар зөвшөөрөл хүсэж батлуулсан байна.  



/Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь  тухайн сум дахь байгаль хамгаалагчаас гарал үүслийн тодорхойлолт авах шаардлагатай/


-Тэгвэл ингэж зөвшөөрөл авахгүйгээр ан агнадаг тохиолдол байсаар байгаа шүү дээ?

-Тийм ээ. Дээрх зөвшөөрөлтэй ан бол сумдаас зөвшөөрөл хүсэж ирсэн, батлагдсан ангийн тоо. Иргэд ямар зориулалтаар ан агнах, ан агнахдаа зөвшөөрөл авдгийг зарим нь тэр бүр мэддэггүй нь харамсалтай. Харин зарим иргэн мэдсээр байж болчимгүй үйлдэл гаргадаг. Ер нь ан амьтдыг сүйрлийн ирмэгт хүргэж байгаа нэг том хүчин зүйл бол ангийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний зохисгүй буюу хууль бус худалдаа юм. Үүнийг ихэнх хүмүүс хулгайн ан ихсээд ан амьтан цөөрч байна гэж ойлгодог нь өрөөсгөл талтай. 

Монгол оронд хууль бус агнуурыг бууруулах нөхцөл боломж бол ангийн гаралтай эд зүйл, түүхий эдийн худалдааг хязгаарлах явдал юм гэж  мэргэжилтнүүд, мэргэжлийн байгууллагууд үзэж байгаа. 


Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор нэн ховор болон ховор амьтны жагсаалтыг гарган баталсан. Монгол орны нэн ховор амьтны жагсаалтад нийт 26 ан амьтан орсон байдаг. Үүнд Цөөвөр чоно, Гангар хун, Цоохор ирвэс, Гургуул, Мазаалай баавгай, Тахь адуу, Хавтгай тэмээ, Цаа буга, Борцгор хотон гэх мэт ан амьтад орсон. Харин Монгол орны ховор амьтдын жагсаалтад нийт 38 төрлийн амьтад орсон бөгөөд аргаль хонь, янгир ямаа, хулан адуу, хүрэн баавгай, тул загас, халиун буга, хүрэн баавгай гэх мэт төрлийн амьтад орсон байдаг.


Амьтны тухай хуульд зааснаар гагцхүү агнуурын амьтныг хуульд заасны дагуу агнаж болох бөгөөд үйлдвэрлэлийн, ахуйн, тусгай гэсэн гурван төрлийн зориулалтаар агнаж барина. Иргэн ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихдаа хуульд заасан  зохих төлбөр төлж, сум, орон нутгийн Засаг даргаас зөвшөөрлийн бичгийн дагуу агнуурын нэн ховор, ховор амьтнаас бусад амьтныг өөрийн ахуйн зориулалтаар агнаж, барьж болдог.

Түүнчлэн Монгол Улсад түр буюу байнга оршин суугаа гадаадын иргэн Монгол Улсын иргэний адил хэмжээний төлбөр төлж, ахуйн зориулалтаар зөвхөн загас барьж болох хуулийн зохицуулалттай.


-Иргэд хулгайн ан болон энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд санамсаргүй байдлаар холбогдохоос урьдчилан сэргийлж юуг анхаарах вэ?

-Манай ард иргэдийн дунд аливаа өвчнийг эдгээдэг, намдаадаг гэх мухар сүсэг, ам дамжсан цуу ярианаас үүдэн хууль бусаар ан, амьтан агнах гэмт хэрэг зөрчил их үйлдэгдэж байна. Мөн зарим хүмүүс гоёл чимэглэл, чихмэл хийх зорилгоор агнаж байгаа бол зарим нь тэдгээрийн гаралтай яс, бугын эвэр, чих, засаа зэргийг худалдан борлуулах, гадаад руу гаргах, өндөр ашиг олох зорилгоор агнах сэтгэлгээтэй холбоотойгоор хууль бусаар ан агнах гэмт хэргүүд гарч байна. Тиймээс иргэд маань үндэслэлгүй цуу ярианд итгэж, хууль бусаар ан агнахгүй байх, мөн эрхзүйн мэдлэг боловсролоо дээшлүүлж, зохих зөвшөөрлийн дагуу ан агнаж байх хэрэгтэй байна.

-Танд баярлалаа. 


Иргэд  ахуйн зориулалтаар ан хийхдээ:



Агнуурын амьтан агнах, барих төлбөр хураамж:






Холбоотой мэдээ