Барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-01-24 07:53:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төслийг 2020-2024 онд хэрэгжүүлнэ.


Энэ хүрээнд эрүүл ахуйн шаардлага хангасан хог хаягдал дарж булах төвлөрсөн хогийн цэгийн барилга, барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулах, төвлөрсөн хогийн цэгт ажиллах машин механизм нийлүүлэх юм.


Эрүүл ахуйн шаардлага хангасан хог хаягдал дарж булах төвлөрсөн хогийн цэгийн барилгыг Морингийн давааны хогийн цэгт одоо ашиглаж буй талбайн хажууд байгуулна. Энэ нь ашиглалтад орсноор хуучин хогийн цэгийн үйл ажиллагааг зогсоож, нөхөн сэргээлт хийж, шинэ байгууламжид Улаанбаатар хотоос ялгарч буй хог хаягдлыг хүлээн авах юм. Мөн барилга болон барилга буулгалтын хог хаягдлыг бутлан дахин боловсруулж 20, 30, 40 мм-ийн хэмжээтэй хайрга үйлдвэрлэнэ. Тус үйлдвэрийг энэ онд ашиглалтад оруулах бөгөөд төвлөрсөн хогийн цэгт ажиллах 29 машин механизмыг нийлүүлэхээр төлөвлөжээ.



Хогийн цэгт хог түүдэг иргэдэд ажлын байр бий болгох, сургалтад хамруулах ажил хийхийг Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төслийн зохицуулагч Б.Чандман танилцууллаа. Улаанбаатар хотод хэрэгжиж буй төслүүдтэй танилцсаны дараа Хотын дарга “Төсөл, хөтөлбөрийг хугацаанд нь дуусгах хэрэгтэй. Ямар нэг байдлаар алданги хүлээх ёсгүй. Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл иргэдийн дунд хүлээлт их байдаг. Гүйцэтгэлээр нь хянаж, хугацаатай төлөвлөгөө гаргаж, сар бүр ажлаа танилцуул” хэмээв

Холбоотой мэдээ