БАЯНХОНГОР: Говьд орших атлаа хангайн байгалийг санагдуулам тогтоцтой Их Богд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-01-23 16:51:38

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монголын их говьд орших атлаа хангайн байгалийг санагдуулам номин ногоон хөвд ургамал, өнгө алаглах цэцэгсийн хүрээлэн, хүрхрэн шуугих өндөр уулын түргэн урсгалт гол горхи, газар хөдлөлтөөс тогтсон байгалийн өвөрмөц сонин тогтоц, нуур, дэлхийд ховордож дархлагдсан аргаль, янгир, ирвэс зэрэг ховор ан амьтад, вансэмбэрүү, алтангагнуур, лидэр зэрэг эмийн ургамлууд.

Энэ бүгдийг нэг дор үзэхийг хүсвэл Говь-Алтайн нурууны ноён оргилуудын нэг, Баянхонгор аймгийн Богд сумын нутагт орших мөнх цаст Их Богд уулыг зориорой.


Их Богд нь далайн түвшнээс дээш 3957 метр өргөгдсөн бөгөөд 1957 онд хүчтэй газар хөдлөлт болж уулын нэгэн оргил тасран унаж хоёр голын хөндийг хааснаар эдүгээ Хөх нуур, Ногоон нуур нэртэй үзэсгэлэнт хоёр нуурыг бий болгосон нь гадаадын жуулчдын сонирхлыг гойд татдаг. 


Их Богдын оргилд зуны сард цас бударч байхад, уулын дунд хэсэгт бороо орж, бэл хоолойд нь 20-30 хэмийн халуун байдаг.


Говийн дархан газар, байгалийн сонин тогтоц олонтой. Их Богд уул, Ичээтэй жарангийн нуруу, Өлзийт, Ноён, Тариат, Бургалтай зэрэг хараа булаам үзэсгэлэнт сайхан уулсаар чимэглэгдсэн. Хулан, хавтгай, аргаль, янгир, тэр ч байтугай Монголын улаан номд бичигдсэн олон ан амьтад бий.


Их Богд уулын орчмын ургамал, уур амысгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөний улмаас устах буюу дүрвэн ховордож байгаа аргаль, янгир, ирвэс болон бусад амьтдыг тусгайлан хамгаалах зорилгоор Жинст, Богд, Баянлиг, Баянговь сумын хил зааг орчмын 262.856 га талбайг УИХ-ын 2008 оны 05 тоот тогтоолоор Байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авчээ.


Сонирхуулахад, Их Богд уулыг жилд дотоод, гадаадын 3000 орчим жуулчин зорьдог байна.



Холбоотой мэдээ