Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх төсөл хоёрдахь шатанд хэрэгжиж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-01-22 08:32:55
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) нь Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын санхүүжилттэй “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх” төслийн (2023-2024) нээлтийг  2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хийлээ. 


Тус төслийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, хариу үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 15 сарын хугацаатай хэрэгжүүлэх юм.


Сүүлийн хэдэн жил үргэлжилсэн Ковид-19 цар тахлын үр нөлөө нь ялангуяа гэмт хэрэг, зөрчилд холбогдсон хүүхэд бүрд тасралтгүй, чанартай тусламж үйлчилгээг үзүүлэх Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны чадамжид сөргөөр нөлөөлсөн. Монгол улсын засгийн газрын зүгээс хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны журмыг шинэчлэн баталж, гишүүдийн тоог нэмэгдүүлэн, хүүхдийн асуудал хариуцсан цагдаагийн алба хаагчдыг шинээр томилсон билээ. Гэвч гэмт хэрэг, зөрчлийн сэжигтэн, холбогдогч болон хууль зөрчсөн хүүхдийн эрхийг хангах, хамгаалах хариу үйлчилгээг тэр болгон бүрэн дүүрэн үзүүлж чадахгүй хэвээр байна. 


2022 оны 1 дүгээр улирлаар хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 16,000 дуудлага ирснээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зүгээс 2022 оны 7 дугаар сарын байдлаар 2,192 дуудлагыг хяналтдаа авч, ажиллаж байжээ. Цагдаагийн ерөнхий газрын мэдээгээр 2022 оны 1 дүгээр улирлын байдлаар гэмт хэрэг, зөрчилд холбогдсон хүүхдийн 46 хувь нь Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйлчилгээг авсан байна.


Уг төслийн хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны Ажлын алба, иргэний нийгмийн байгууллагууд болон холбогдох байгууллагатай хамтран ХЭХЗХ-ны Ажлын албаны чадавхыг бэхжүүлэх, ахисан түвшний сургалт зохион байгуулах, кейс менежментийг сайжруулах зөвлөн туслах менторын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нөхөн сэргээх үйлчилгээний арга зүй боловсруулж турших, цахим орчинд хүүхэд өөрийгөө хамгаалах, интернэт болон нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг дэмжих чиглэлээр хүүхэд, эцэг эхчүүдийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх гэх мэт олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. 


Төслийн нээлтийн ажиллагааны үеэр Харилцан ойлголцлын санамж бичигт ГБХЗХГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Өлзийхутаг болон ОУЭЗХБ-ын Суурин төлөөлөгч Стивен Кент нар гарын үсэг зурлаа. Мөн нээлтийн үеэр ГБХЗХГ-ын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Н.Мөнхнасан хүүхэд хамгааллын тогтолцооны одоогийн нөхцөл байдлын талаар, ОУЭЗХБ-ын Төслийн зохицуулагч Н.Одонтуяа төслийн зорилго, зорилтууд болон хүлээгдэж буй үр дүнгийн талаар тус тус танилцууллаа. 


Н.Өлзийхутаг хэлсэн үгэндээ “2022 оны 12 дугаар сарын байдлаар 21 аймаг, 9 дүүргийн ХЭХЗХ-ны үйл ажиллагааны тайланг хянан хэлэлцэхэд нийт кейсийн 98 хүртэлх хувийг хамарч чадсан байгаа нь нэгдүгээр шатны төслийн хүрээнд 2022 онд ХЭХЗХ-ны гишүүдэд зориулан зохион байгуулсан сургалтын үр дүн өгөөжээ өгч чадсан байна” хэмээн онцлон тэмдэглэлээ. 


Европын холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны хэлтсийн багийн ахлагч Адриен Мург “Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын хэрэгжүүлсэн эхний төслийн үр дүн, амжилт дээр үндэслэн дараагийн төслийг санхүүжүүлж байгаа” талаар нээлтийн үгэндээ онцлон дурдлаа. 

  

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) нь энх тайван, шударга ёс, тогтвортой хөгжлийг дэмжин, эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хууль эрх зүйн салбарт шинэчлэл хийх, байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд улс орнуудын засгийн газар болон ард иргэдийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэн, ажилладаг засгийн газар хоорондын олон улсын байгууллага байгууллага юм. 


ОУЭЗХБ-ын Монгол Улс дахь үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж танилцах боломжтой юм.  https://www.idlo.int/where-we-work/asia/mongolia 

Холбоотой мэдээ