АНУ, Испани, Португал, Франц, Итали улсуудын эрх баригчид Лула да Силваг дэмжиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-01-09 15:41:16

БРАЗИЛИА. /CNN/. Бразилд болсон эсэргүүцлийн жагсаалыг буруушааж, Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силваг дэмжиж байгаагаа АНУ, Испани, Португал, Франц, Итали улсуудын эрх баригчид илэрхийлжээ. 


“Ардчилал хийгээд тайван замаар эрх мэдлийг шилжүүлэн өгөх үйл явцад халдаж байгааг буруушааж байна. Бразилын ардчилсан институцүүд бидний бүх талын дэмжлэгийг авч байгаа бөгөөд Бразилын ард түмний хүсэл зориг хөсөр хаягдах ёсгүй. Ерөнхийлөгч Лула да Силватай үргэлжлүүлэн хамтран ажиллахыг би тэсэн ядан хүлээж байна” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн байна.


Тэрбээр ням гарагт Техас муж улсын Эль-Пасо хот дахь Америк-Мексикийн хилийн бүсэд Ерөнхийлөгчийн хувиар анх удаа айлчлах үеэрээ Бразилын нөхцөл байдлыг “цочирдмоор” гэж тодорхойлсон байна.  


Испанийн Ерөнхий сайд Педро Санчес мөн Бразилын одоогийн Ерөнхийлөгчийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. "Би Ерөнхийлөгч Лула да Силва болон Бразилын ард түмний чөлөөт, ардчилсан сонголтыг дэмжиж байна" гэж Санчес олон нийтийн сүлжээнд бичжээ.


“Бид Бразилын Конгресст халдсан явдлыг хатуу зэмлэн буруушааж, ардчиллын хэвийн байдалд нэн даруй эргэн орохыг уриалж байна" гэж тэрбээр нэмж дурдсан байна. 


Португалын засгийн газар мөн мэдэгдэл гаргаж, Бразилын нийслэлд гарсан "хүчирхийлэл, эмх замбараагүй байдлыг" буруушаажээ.


"Португалын Засгийн газар хүчирхийлэл, эмх замбараагүй байдлыг буруушааж, дэг журам, хууль ёсыг сэргээхэд Бразилын эрх баригчдад ямар ч болзолгүйгээр дэмжлэг үзүүлэхээ дахин илэрхийлж байна" гэж мэдэгдэлд дурдсан байна. 


Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мөн дэлхийн бусад удирдагчтай нэгдэн, Бразилын Ерөнхийлөгчийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. “Бразилын ард түмний хүсэл зориг, ардчилсан институцийг хүндлэх ёстой! Ерөнхийлөгч Лула да Силва ямар ч болзолгүйгээр Францын дэмжлэгт найдаж болно" гэж Макрон олон нийтийн сүлжээндээ бичжээ.


Түүнчлэн Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони, Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель, ЕХ-ны дипломат байгууллагын тэргүүн Жозеп Боррель нар Бразилд үүссэн эмх замбараагүй байдлыг буруушааж, тус улсын эрх баригчидтай сэтгэл санаагаар хамт гэдгээ илэрхийлсэн байна. 


Өнгөрсөн оны ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан Жаир Болсонаруг дэмжигчид ням гарагт буюу нэгдүгээр сарын 8-нд нийслэл Бразилиа хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, улмаар ерөнхийлөгчийн ордон, дээд шүүх, парламентын ордон гэсэн засгийн газрын гол гурван байр луу дайран орсон байна. Тэд одоогийн Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силваг эсэргүүцэж, санал хураалтын дүнг эргэн харахыг шаарджээ. Янз бүрийн мэдээгээр 200-400 хүн саатуулагдсан бөгөөд хотод онц байдал тогтоогоод байна. 


“CNN Brasil” сувгаар мэдээлснээр, одоогийн байдлаар засгийн газрын гол байруудыг жагсагчдаас чөлөөлжээ. 


Бразилын Ерөнхийлөгчийн сонгууль 2022 оны 10 дугаар сард болсон бөгөөд 2003-2011 онд тус улсын Ерөнхийлөгч асан Лула да Силва хоёр дахь шатны сонгуулиар 50.9 хувийн санал авч ялсан бол Жаир Болсонаруд сонгогчдын 49.10 хувь нь саналаа өгчээ. Сонгуулийн дүн гарсны дараа янз бүрийн мужуудад Болсонаруг дэмжигчид  эсэргүүцлийн жагсаал хийж эхэлсэн. Жагсагчид Рио-де-Жанейро, Сан-Пауло болон бусад хотод стратегийн ач холбогдолтой хурдны замуудыг хааж байв. Жаир Болсонару дэмжигчдэдээ хандан хууль бус алхам хийхээс зайлсхийхийг уриалж байлаа. 11 дүгээр сарын эцсээр тэрбээр санал хураалтын цахим машинд алдаа гарсан байж болзошгүй хэмээн санал хураалтын дүнг хэсэгчлэн хүчингүй болгохыг шаарджээ. Бразилын Сонгуулийн дээд шүүх түүний хүсэлтийг хүлээж аваагүй байна.

Лула да Силва нэгдүгээр 1-нд ерөнхийлөгчийн тангараг өргөжээ.


Холбоотой мэдээ