ХОВД: “Нээлттэй Ховд аймаг” хөтөлбөр хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-01-06 16:04:05

Ховд /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих үйл ажиллагааны санал боловсруулах ажлын баг Ховд аймагт ажиллаж байна.


Өнөөдөр аймаг, сум, албан байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллийг хамруулсан сургалт хэлэлцүүлэг зохион байгуулж, “Алсын хараа- 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг дэмжих цогц үйл ажиллагааны талаар ярилцлаа.

Энэ үеэр эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмжийн талаар албаныхан онцоллоо.

Шинэ сэргэлтийн бодлогын “Хот, хөдөөгийн сэргэлт” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг дэмжих, шаардлагатай бэлтгэлийг хангах зорилгоор “Нээлттэй Ховд аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж.

Энэ хүрээнд аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, мэдээллийн нэгдмэл удирдлага, зохицуулалтыг бий болгон цахимжуулах, төрийн үйлчилгээг илүү ойлгомжтой шуурхай болгоход чиглэсэн хэд хэдэн ажлыг хэрэгжүүлнэ. Улмаар нутгийн онцлог, түүх, соёл, өөрсдөд байгаа шинэ боломж, брэндүүдийг ард иргэдэд таниулах, үйлдвэрлэл дэд бүтэц, барилга, мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалд түшиглэсэн ажлын байрыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн хувьд бие даасан аймаг болон хөгжихөөр зорьж байна.   


Дээрх хэлэлцүүлгийн явцад Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших, иргэд аж ахуйн нэгжийг дэмжих үйл ажиллагааны санал боловсруулах ажлын баг 2022-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг танилцуулжээ.  

Энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд Ховд аймаг дахь дэд ажлын хэсгийн төлөвлөгөө, “Нээлттэй Ховд аймаг” хөтөлбөрийн төсөлд нэмж тусгах саналыг нэгтгэн батлах юм.  

 

 

Холбоотой мэдээ