ӨВӨРХАНГАЙ: УГЗ Д.Гэлэгдандарын бүтээлүүд аймгийн музейд хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-01-06 10:37:16

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсад сийлбэрийн төрлөөр гавъяат цол хүртсэн Д.Гүнд, Л.Дорж, С.Сэнгээ, Д.Гэлэгдандар, Л.Чуваамэд нарын таван алдартан байдаг бөгөөд бүгд Өвөрхангай аймгаас төрөн гарсан билээ.


Тэдгээрээс Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Маршалын сийлбэрч” гэгддэг Д.Гэлэгдандарын уран бүтээлээс онцолъё. Тэрбээр БНМАУ-ын хошой баатар, Ерөнхий сайд Хорлоогийн Чойбалсанд зориулан 50х50 хэмжээтэй, шатрын хөлгүүдийг цэрэг, их буу, танк зэргийг төлөөлөн урлаж, түүнд дурсгаснаар дээрх алдрыг хүртсэн байна.


Октябрийн хувьсгалын 25 жилийн ойгоор зарласан уралдаанд маршал Х.Чойбалсангийн хөргийг зандангаар сийлж, хоёрдугаар байр эзэлж байжээ.  Маршал гадаадын төлөөлөгчдөд бэлэглэх зүйлсээ Д.Гэлэгдандар сийлбэрчээр хийлгэдэг байсан гэдэг. Түүний сийлсэн шатрын бэрзийг барихад ам нь ангайж, хэл нь гялс хийдэг байсан гэдэг нь энэ сийлбэрчийн хэр чадвартай байсныг гэрчилнэ. 


Нэрт уран сийлбэрч Д.Гэлэгдандар 1893 онд Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн. 13 настайгаасаа малын дүрс, номын бар сийлж сурч, алганд багтдаг жижиг шатар урласан нь Засгийн газрын гишүүдэд сайшаагдсанаар Багшийн сургуулийн сийлбэрийн багшаар жил гаруй хугацаанд ажиллаж байжээ. Гэвч удалгүй орон нутаг руугаа буцаж, насны төгсгөл хүртэл нутагтаа амьдран үйлдвэрлэл, хоршооны байгууллагад мужаан, сийлбэрчин, уран сийлбэрчээр ажиллаж байв. 


Түүний урласан зааны яс, зандан модоор сийлсэн шатрууд нь ОХУ-ын Москва, Санктпетербургийн музей, Аврорын музей, Өвөрхангай аймгийн музейн шилдэг үзмэрт хадгалагдаж байдаг. Мөн “Бүргэд”, “Шанаган Хуур”, “Банхар”, “Туйванч” зэрэг бүтээл нь аймгийн Музейн үзмэрт хадгалагдаж байна. 

Холбоотой мэдээ