АНУ-ын Төлөөлөгчдийн танхим шинэ даргаа дахин сонгож чадсангүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-01-05 11:49:07

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим лхагва гарагт тав дахь удаагийн оролдлогоороо шинэ даргаа дахин сонгож чадсангүй.


Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон сонгуулийн дүнгээр Бүгд Найрамдах нам Конгрессын доод танхимыг хяналтдаа авсан боловч тус танхим дахь намын бүлгийн дарга Кевин Маккарти тав дахь шатны санал хураалтаар даргын суудлыг авч чадаагүй байна.

 

Төлөөлөгчдийн танхимын лхагва гарагт болсон хуралдааны үеэр дөрөв ба тав дахь удаагийн санал хураалт болж аль алинд нь Кевин Маккарти 201 санал авсан байна. Мягмар гарагт болсон гурав дахь шатны санал хураалтаар тэрбээр 202 санал авсан тухай өмнө нь мэдээлсэн билээ. Төлөөлөгчдийн танхимын даргын сонгуульд ялахын тулд 218 санал авах ёстой юм.

 

Тав дахь шатны санал хураалтад өмнөх шигээ Маккартиг дэмжээгүй бүгд найрамдахчууд Байрон Дональдсыг (Флорида муж улсаас сонгогдсон) өөр нэр дэвшигчийн хувиар доод танхимын даргын суудалд нэр дэвшүүлжээ. Түүний төлөө Бүгд Найрамдах намын 20 гишүүн саналаа өгсөн байна. Индиана муж улсаас Конгресст сонгогодсон Бүгд Найрамдах намын гишүүн, украин гаралтай Виктория Спартц нэр дэвшигчдийн аль алинд нь саналаа өгөөгүй байна. Ардчилсан намын Хаким Жеффрис өмнөх бүх санал хураалтын адил  212 гишүүний дэмжлэгийг авчээ.  


Төлөөлөгчдийн танхим нь шинэ бүрэлдэхүүнээрээ нэгдүгээр сарын 3-ны мягмар гарагт хуралдаж даргаа сонгох байсан боловч гурван удаагийн оролдлогоор сонгож чадалгүй хуралдаанаа өндөрлөж лхагва гарагт дахин хуралдсан бөгөөд зургаа дахь шатны санал хураалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

Хамгийн сүүлд 1923 онд ийм тохиолдол гарч байжээ. Тухайн үед Төлөөлөгчдийн танхимын даргыг сонгохын тулд есөн шатны санал хураалт явагдсан байна. Энэ удаад мөн нэр дэвшигчдийн аль нэг нь олонхын санал авах хүртэл сонгууль үргэлжилнэ.  

 

Төлөөлөгчдийн танхимын даргыг сонгохоос өмнө шинэ бүрэлдэхүүн тангаргаа өргөж, хууль тогтоох үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй аж.

 

Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн дэмжлэгийг авахын тулд Кевин Маккарти зарим буулт хийсэн тухай  өмнө Америкийн хэвлэлээр  мэдээлж байсан. Тэрбээр Төлөөлөгчдийн танхимын даргын тушаалд байх хугацаа болон нөхцөлийн талаар зарим буулт хийсэн боловч бүгд найрамдахчууд энэхүү алхмыг хангалтгүй байна гэж үзжээ. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп лхагва гарагт Кевин Маккартийг дэмжихийг уриалж, өөрийн намын гишүүдэд үг хэлэхдээ, “Конгрессийн сонгуульд ялсан агуу амжилтаа шившигтэй ялагдал болгон хувиргамааргүй байна” гэжээ.

Холбоотой мэдээ