С.Тулга: Баян-Өлгийд боловсруулсан ноосыг Hugo Boss, Zara брэндүүд ашиглаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-01-03 16:34:42

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт хонь, тэмээний ноосыг анхан шатны боловсруулалт хийж экспортод гаргаж байгаа "Файнноос" компанийн гүйцэтгэх захирал С.Тулгатай ярилцлаа.  


- Ярилцлагынхаа эхэнд манай уншигчдад өөрийнхөө удирдаж байгаа үйлдвэрийнхээ талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

 - "Файнноос" компани нь Баян-Өлгий аймагт 1969 онд шавыг нь тавьсан Ноос угаах үйлдвэрийн суурин дээр 2003 оноос үйл ажиллагаа явуулж байгаа ноосны анхан шатны боловсруулах үйлдвэр юм. Монгол Улсын брэнд болсон ноосыг 20 жил экспортод гаргаж амжилттай ажиллаж байна.

 - Танай үйлдвэр одоогийн байдлаар хэдэн төрлийн бүтээгдэхүүн гаргаж байна?

 - Манай үйлдвэрийн үйл ажиллагааны үндсэн чиглэл бол ноосны анхан шатны боловсруулалт байгаа. Энэ нь ноосыг малчны гараас худалдан аваад ялгалт хийх, угааж цэвэрлэх, мөн самнаж савлаад бүтээгдэхүүн болгож гаргана гэсэн үг. Одоогоор хонины болон тэмээний ноосон дээр төвлөрөөд ажиллаж байна.

 - Малчдаас жилд хэчнээн тонн тэмээний ноос, хонины ноос аваад боловсруулж байна?

- Жил жилийн онцлогоос хамаараад янз бүр байдаг. Манай компани жилд 1000 хүртэлх тонн ноос боловсруулах хүчин чадалтай. Нийтдээ 800 орчим тонн хонины ноос, 200 орчим тонн тэмээний ноос аваад боловсруулахад ямар ч асуудалгүй.

 

- Ноосоо аль аль аймгаас бэлтгэдэг вэ?

 - Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Баянхонгор аймгаас ноос бэлтгэл хийгээд явж байна.

 - Өнгөрсөн онд малчдаас хэдэн төгрөгөөр ноос худалдаж авсан бэ?

 - Баруун таван аймгаас 1 тэрбум орчим төгрөгийн худалдан авалт хийсэн. Үүний 300 орчим сая төгрөг нь Баян-Өлгий аймагт ногдож байна.

 - Өнөөдрийн байдлаар танай компани хэдэн хүнийг ажлын байраар хангаж байна?

 - Ерөнхийдөө 200-гаад ажлын байртай. Ажлын оргил үед 300 орчим хүнийг ажлын байраар хангадаг. Үйлдвэр бүрэн ажиллаж байгаа үед сард 100 орчим сая төгрөгийн цалин тавьдаг. Гэхдээ ажиллах хүчний хомсдол үүсээд байгааг энд хэлэхгүй бол болохгүй.

 - Ажиллах хүчний хомсдол гэдгийг дэлгэрүүлж тайлбарлахгүй юу? Үйлдвэрт ажиллах хүн олдохгүй байна уу, эсвэл тогтвор суурьшилтай ажиллахгүй байна уу?

 - Ажиллах хүмүүс бол гадуур зөндөө байгаа. Гэхдээ ажил хийх сонирхол бага. Бид ажлын зар тавьдаг. Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтарч ажилладаг ч өөрсдийнхөө хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна.

 

- Үйлдвэрийн ажилчдын дундаж цалин одоо хэд вэ?

 - Манайх үйлдвэр учраас нормоор цалинждаг. Хамгийн доод түвшин бол 600-800 мянган төгрөг. Нормоо биелүүлэх юм бол хийснээрээ нэмэгдээд явна.

- Танай үйлдвэрээс гаргаж байгаа бүтээгдэхүүний онцлог юу вэ?

 - Файнноос компани 20-иод жилийн түүхтэй. Энэ хугацаанд бид гадаадаас мэргэжилтнүүд урьж ажиллуулж байгаа. Яагаад вэ гэвэл манай улсад энэ чиглэлийн мэргэжлийн хүмүүс цөөхөн байдаг. Тийм учраас ОХУ, Казахстан зэрэг улсаас сургуулийг нь төгссөн, 20-30 жилийн туршлагатай хүмүүсийг урьж компанийнхаа ажилчдыг сургадаг. Ингэж ажилласны үр дүнд бид Европын холбоо, ОХУ руу экспорт хийх, дэлхийн стандартад нийцсэн анхан шатны боловсруулсан бүтээгдэхүүн гаргах боломжуудыг бий болгоод байна. Энэ юугаар батлагдаж байгаа вэ гэвэл, манай гаргасан бүтээгдэхүүнээр ОХУ-д орны бүтээлэг, ороолт, сурагчдын дүрэмт хувцас, Европын холбооны улсуудын том том брэндүүд ноосон эдлэл бүхий бүтээгдэхүүнүүд хийх боломж бололцоонууд бүрдсэн.

- Европын ямар брэндүүд анхан шатны боловсруулалт хийсэн бүтээгдэхүүнүүдийг ашиглаж байна?

- Баян-Өлгийд боловсруулсан ноосыг бидний дээр үеэс мэддэг "Hugo Boss" гэдэг брэнд ашиглаж байна. Тус брэнд нь олон төрлийн бүтээгдэхүүн гаргадаг. Тэдний нэг бол ноосон пальто, пиджак хослолууд байдаг. Манай боловсруулсан ноосыг дээрх бүтээгдэхүүнүүдийн түүхий эд болгон нийлүүлж байна. Мөн “Zara” гээд том брэнд байгаа. Тухайн групп компанийн ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг охин компаниудад нийлүүлж байгаа зэргээр амжилттай явж байна. Одоогийн байдлаар ОХУ, Герман, Латви, Литва, Итали зэрэг улс манай бүтээгдэхүүнийг худалдан авч байгаа.

 

- “Файнноос” компани жилд хэчнээн тоон бүтээгдэхүүн экспортод гаргаж байгаа вэ?

 - Бид 2022 онд 240 тонн самнасан ноос экспортод гаргасан. Энэ бол багагүй амжилт гэж үзэж байна.

 - Үйлдвэр маань жилд 1000 орчим тонн ноос боловсруулах хүчин чадалтай гэж дээр хэллээ. Энэ боломжоо бүрэн ашиглахад юу саад болж байна?

 - Ноосны зах зээл тогтвортой бус байдаг. Жил жилийн өнгөтэй, нөхцөл байдалтай, ханштай байгаа. Сүүлийн жилүүдэд нөлөөлсөн хүчин зүйлсээс дурдвал ковид-19 цар тахал байна. Ковидын үед бид үйл ажиллагаагаа тасалдуулахгүй авч явж байсан ч, ноос бэлтгэлийн худалдан авах чанар нэлээн буурсан. Түүнээс гадна Орос, Украины дайн бол экспорт хийж байгаа компани болгонд таагүй нөлөө үзүүлж байгаа.

 - Танай үйлдвэр өрсөлдөх чадварын хувьд ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг манай улсын бусад үйлдвэртэй харьцуулахад ямар түвшинд явж байна?

 - Сүүлийн үед бусад үйлдвэрээр ороогүй байна. Үйлдвэрүүд өргөжиж, үйл ажиллагаа нь тэлсэн байх гэж бодож байгаа. Одоогоос 2-3 жилийн өмнөх үзүүлэлтээр бол ноос самнах үйл ажиллагаагаараа улсад тэргүүлэх байр эзлэх хэмжээнд байсан. Мөн угаах үйлдвэрээрээ эхний тавд багтахаар байлаа.

 



- Цаашдын төлөвлөгөөгөө бидэнтэй хуваалцахгүй юу?

 - 2018 онд ноосны зах зээлд ажилладаг хүмүүсийн хувьд том хямрал болсон. Түүний дараагаар цар тахал, Орос, Украины дайн гээд олон улсын эдийн засагт нөлөө үзүүлэхээр томоохон асуудлууд үүссэн. Иймээс бид эхний ээлжинд тогтвортой байдлаа хангаж ажиллах, дараа нь үйлдвэрийнхээ үйл ажиллагааг тэлж, тоног төхөөрөмжийнхөө хүчин чадлыг нэмэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнгөрсөн онд Тайланд улсаас RWS стандартын гэрчилгээ олгодог байгууллагаас хүмүүс ирж, манай үйлдвэрийн үйл ажиллагаа, бичиг баримттай танилцсан. Үйлдвэрийн бүх үйл ажиллагаа стандартын дагуу явж байгаа эсэхийг шалгасан. Үүний үр дүнд манайд RWS олон улсын стандартын гэрчилгээг энэ жилээс олгож байгаа. Ингэснээр бидэнд илүү олон хаалга нээгдэж байна. Учир нь худалдан авагчид, брэндүүд, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүд тухайн стандартыг хэрэгжүүлж байгаа үйлдвэртэй хамтран ажиллах сонирхолтой байдаг.

- Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрийн хувьд тулгамдсан ямар асуудал байна?

-Эхнийх нь ажиллах хүчний хомсдол гэдгийг дахин хэлмээр байна. Дараагийн асуудал бол цэвэрлэх байгууламжийн асуудал. Аль ч улсын ноос угаах үйлдвэрт цэвэрлэх байгууламжийн асуудал маш хүндээр тусдаг. Энэ нь ямар учиртай вэ гэвэл цэвэрлэх байгууламжийн хүчин чадлаас хамаараад ноос угаах үйлдвэрийн ажиллах хугацаа, хэмжээ үргэлж хязгаарлагдаж байдаг. Гэхдээ Бүгд Найрамдах Польш Улсын хөрөнгө оруулалтаар Баян-Өлгий аймагт ойрын хэдэн жилд цэвэрлэх байгууламж барина гэдэг мэдээг сонсоод манай хамт олон баярлаж байна. Бас илүү ажиллах боломж гарах болов уу гэж найдаж байгаа.

 - Төвөөс алслагдсан бүс нутагт ажлын байр бий болгож байгаа үйлдвэрийн хувьд төр засгаас ямар дэмжлэг хэрэгтэй байна?

 

- Ер нь нийгмийн даатгал, татварын асуудал хувийн хэвшлийн байгууллагуудын нуруунд нэлээн ачаа болж ирдэг. Хэрвээ нийгмийн даатгал, татвар бага хувьтай байсан бол ажилчдад илүү хэдэн төгрөг цалин дээр нь нэмээд өгөх боломж байгаа гэж үзэж байна.

  Цаг гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа. 

Холбоотой мэдээ