2022 он Их Британийн түүхэн дэх хамгийн дулаан жил болох төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-12-30 15:51:32

ЛОНДОН. /Reuters/. Энэ он Их Британийн түүхэн дэх хамгийн дулаан жил болж байгаа талаар тус улсын Цаг уурын хүрээлэнгээс мэдээлжээ.


Урьдчилсан мэдээгээр жилийн дундаж температур 2014 онд бүртгэгдсэн өмнөх дээд үзүүлэлтээс давж, цельсийн 9.88 хэмд хүрэх төлөвтэй байна.


“Энэ жилийн дөрвөн улирал бүгд 1884 оноос хойш бүртгэгдсэн хамгийн дулаан 10 улирлын нэгд багтаж байна. Түүгээр ч зогсохгүй түүхэн дэх хамгийн дулаан 10 жил бүгд 2003 оноос хойш тохиож байна” гэж Цаг уурын хүрээлэнгийн тайланд дурджээ. Ингэснээр 139 жилийн дундаж температурын дээд үзүүлэлт энэ онд шинэчлэгдэх өндөр магадлалтай байна.


“2022 он Их Британийн түүхэн дэх хамгийн халуун жил болох төлөвтэй байна. Зун хэт халсныг олон хүн мэдэж байгаа ч жилийн туршид харьцангуй дулаан байсныг онцлох нь зүйтэй. Энэ оны 12 дугаар сараас бусад бүх сар дунджаас дулаан байсан” гэж Цаг уурын мэдээллийн үндэсний төвийн дарга Марк Маккарти мэдээлжээ.


“Ийнхүү дулаарч байгаа нь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавраар учрах бодит нөлөөлөлтэй нийцэж байна. Хэдийгээр энэ нь цаашид жил бүр хамгийн дулаан жил болно гэсэн үг биш ч уур амьсгалын өөрчлөлт ирэх жилүүдэд улам бүр дулаарах магадлалыг нэмэгдүүлсээр байна” гэж тэрбээр ярилаа.


Цаг уурын хүрээлэн эцсийн тоон үзүүлэлтүүдийг оны эцэст танилцуулах ажээ. 

Холбоотой мэдээ