СҮХБААТАР: Аймгийн шилдэг залуус шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн нийт хүн амын 40 гаруй хувийг залуучууд эзэлдэг. Төрийн алба, хувийн хэвшлийн ажилчдын дийлэнх хувийг ч мөн залуус эзэлж байна.
Тиймээс салбар салбарын шилдэг залуусыг шалгаруулж, олонд сурталчлан танилцуулах үйл ажиллагааг аймгийн залуучуудын холбооноос жил бүр явуулж ирсэн. "Next Step-2022" ёслолоор Сүхбаатар аймгийн шилдэг залуусыг дараах найман номинациар шалгарууллаа.
Төр, хууль, эрх зүйн салбарын тэргүүний залуу Б.Чулуунбат
Аймгийн Санхүү дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, дотоод аудитор. Аймгийн засаг даргын удирдамжаар байгууллагын төлөвлөгөөнд тусгагдсан 23 төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, төсөвт байгууллагад санхүүгийн хяналт шалгалт дотоод аудит хийж 954 сая 387,3 мянган төгрөгийн зөрчил илрүүлж 41 сая 404,9 мянган төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр нөхөн төлбөрийн акт тогтоож 912 сая 982,4 мянган төгрөгийн зөрчилд 22 албан шаардлага үйлдэж, холбогдох албан тушаалтанд 15 асуудлаар 31 зөвлөмж өгч хууль тогтоомж, төрийн бодлого шийдвэрийг амжилттай хэрэгжүүлж ажилласан.
Мөн энэ онд төрд учирсан хохирлыг барагдуулахаар төрийг төлөөлж Сүхбаатар аймгийн анхан шатны шүүхэд
гурван удаа, захиргааны хэргийн давж заалдах шүүхэд гурван удаа хариуцагчаар оролцож хэрэг маргааныг амжилттай шийдвэрлэсэн байна.
Хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын тэргүүний залуу Т.Хүрэлбаатар
Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулдаг "Манхант баян уул" ХХК-ийн захирал, хөдөө аж ахуй, хүнсний худалдааны салбарт 2016 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. Түүний фермийн нутагшуулж буй Сэлэнгэ үүлдрийн үхэр сүрэг нь өдгөө 500 гаруй толгой болтлоо өссөн бөгөөд орон нутаг төдийгүй хөрш зэргэлдээх аймгуудад мах сүүний чиглэлийн бух, үнээг нийлүүлж эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь оруулж байна.
Өнөөдрийн байдлаар 15 иргэнийг тогтмол ажлын байраар хангаж, 2-3 малчин өрхийг амжиргааны эх үүсвэртэй болгож, 2019 онд 3 га газрыг хашаалж фермерийн цогц барилга, гүний худаг, зэргийг байгуулж өндөр ашиг шимт мал сүргийн цогцолборыг бий болгосон. Мөн 2021 оноос газар тариалан, гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Бизнес, санхүү, банк эдийн засгийн салбарын тэргүүний залуу Т.Бямбажав
Нягтлан бодогч, программист мэргэжилтэй. Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын хэлтсийн даргаар
ажилладаг. Тэрээр 2022
онд татварын хяналт шалгалтыг шинэ шатанд гаргаж, Улс орон нутгийн төсөвт 1 тэрбум, 283 сая төгрөгийн зөрчил илрүүлэн төвлөрүүлж, төсвийн орлогын төлөвлөгөөний гүйцэтгэлийг
103,4 хувиар давуулан биелүүлсэн.
Хэвлэл мэдээлэл, соёл урлаг, спортын салбарын тэргүүний залуу А.Мөнхжаргал
Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын газрын Самбо, Жюү жицү бөхийн багш дасгалжуулагч. 2004 оноос эхлэн бөхийн спортоор хичээллэж эхэлснээс хойш Жудо, Самбо, Жюү Жицү бөхөөр хичээллэн, Ази олон улсын тэмцээнүүдээс нийт 50 гаруй медаль хүртсэн. А.Мөнхжаргал нь Ази тивийн аварга, Жюү жицү бөхийн Монгол Улсын 2 удаагийн аварга, Жудо бөхийн спортын мастер, Үндэсний бөхийн сумын заан цолтой
Дэд бүтэц, харилцаа холбоо, ОНӨҮГ-ын салбарын тэргүүний залуу Г.Энх-оргил
"Талын гал" ХХК-ийн эксковаторчин, машинист. Г.Энх-Оргил нь эрчим хүч дулаанаар Сүхбаатар аймгийн иргэдээ хангах гол хүчин зүйл болсон нүүрс олборлолт, эрчим хүчний салбарт эксковаторчноор ажиллахдаа 2022
оны үзүүлэлтээр нүүрсний 69 хувь, хөрс хуулалтын 67,8
хувийг дан ганцаар гүйцэтгэж ажилласан. Орон нутагтаа 18 дахь жилдээ ажиллаж байна.
"Сайн үйлстэн"
тэргүүний залуу Д.Сумъяа
Сүхбаатар аймгийн Засаг даргын туслах ажилтай, санхүүч мэргэжилтэй, төрийн удирдагын магистр зэрэгтэй. Үндсэн ажлаас гадна нийгмийн хамгаалал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил, эмзэг бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийн эрүүл мэнд боловсролын салбарт чиглэсэн нийт 1,2 тэрбум төгрөгийн 40 гаруй төсөл хөтөлбөрийг Олон улсын байгууллага болон сургалт сурталчилгааны төвүүдтэй хамтран хэрэгжүүлжээ. Сүүлд хэрэгжүүлсэн төслөөс дурдвал, 220 сая төгрөгийн өртөг бүхий Гэрч хохирогчийг хамгаалах байрыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ашиглалтад оруулсан. 2022 оны 11 дүгээр сард Дезерит ОУБ-ын 100 сая төгрөгийн санхүүжилтийг татаж зарим цэцэрлэг, сургуулийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчилсэн.
Эрүүл мэндийн салбарын тэргүүний залуу Г.Ангараг
Эрүүл мэндийн яамнаас Сүхбаатар аймгийн хэвлийн хөндийн дурангийн мэс заслыг нутагшуулах төслийг санаачлан хэрэгжүүлж нийт
296.540.000 төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг шийдвэрлүүлсэн. Сүхбаатар аймагт анх удаа дурангийн мэс заслыг нутагшуулж, гардан 25 дурангийн хагалгааг амжилттай хийсэн.
Боловсролын салбарын тэргүүний залуу Д.Тасхүү
Сүхбаатар аймгийн 3 дугаар сургуулийн Биеийн тамирын багш. Д.Тасхүү нь One dream сагсан бөмбөгийн клубийг үүсгэн байгуулж, нийт 6 удаагийн улсын чанартай уралдаан тэмцээнд давхардсан тоогоор 90 тамирчныг бэлтгэн оролцуулж, Дэд аварга 2 удаа, тусгай байрт 4 удаа шалгарч, Сүхбаатар аймгийн сагсан бөмбөгийн түүхэнд улсын аваргаас анхны мөнгөн медалийг авчирсан.
Түүний бэлтгэсэн шавь нараас Монгол Улсын шигшээ багт 4 тамирчин дуудагдаж Австрали улсад болох олон улсын тэмцээнд оролцох эрх авсан. Монгол Улсын U-16 ангиллын 3*3 сагсан бөмбөгийн тэмцээнд 2 шавь нь өндөр амжилт үзүүлсэн нь Сүхбаатар аймгийн сагсан бөмбөгийн түүхэнд шинэ хуудсыг нээсэн юм. Мөн Д.Тасхүү нь Монгол Улсын шилдэг дасгалжуулагч шагналыг 2 удаа хүртсэн амжилтаараа ийн шилдэг залуугаар шалгарлаа.