Украин энх тайвны төлөөх дээд хэмжээний уулзалт зохион байгуулахыг зорьж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-12-27 08:41:06

КИЕВ. /Xinhua/. Украины энхийн төлөвлөгөөний талаар хэлэлцэх дээд хэмжээний уулзалтыг ирэх хоёрдугаар сарын сүүлээр зохион байгуулахыг зорьж байна гэж тус улсын Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба мэдэгдсэнийг “Interfax-Ukraine” агентлаг даваа гарагт уламжилжээ.


Д.Кулеба НҮБ-ыг энэхүү дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах хамгийн тохиромжтой платформ хэмээн тодорхойлоод, НҮБ-ын тэргүүн Антонио Гутеррешийг энхийн хэлэлцээний боломжит зуучлагчаар нэрлэсэн байна.


Харин Орос улсыг энхийн хэлэлцээ хийхэд бэлэн биш гэж үзэж байгаагаа Гадаад хэргийн сайд илэрхийлсэн ч “бүх дайн хэлэлцээний ширээний ард хийгээд дайны талбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд дуусдаг” гэдгийг онцолжээ.


Д.Кулеба Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн АНУ-д хийсэн айлчлалын тухайд хэлэхдээ, үр дүнд нь “туйлын сэтгэл хангалуун” байгаагаа илэрхийлсэн байна.


В.Зеленский Индонезийн Бали аралд өнгөрсөн 11 дүгээр сард болсон “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Орос-Украины дайныг зогсоох энхийн төлөвлөгөөг дэвшүүлжээ. 

Холбоотой мэдээ