"Нэг эрүүл мэнд" санаачилгад Монгол Улс хэрэгжүүлэгч 6 орны нэг боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
batbold.sh@montsame.gov.mn
2022-12-17 09:11:47
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Канад Улсын Монреал хотноо 12 дугаар сарын 7-20-ны өдөр зохион байгуулагдаж буй буй Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын бага хурлын 15 дугаар хуралдаан болон түүний дагалдах Био аюулгүй байдлын тухай Картагены протоколын 10 дугаар хурал, Генетик нөөцийн тухай Нагояагийн протоколын 4 дүгээр хурлын Сайд нарын түвшний уулзалтад Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболдоор ахлуулсан Засгийн газрын төлөөлөл, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, БОАЖЯ болон иргэний нийгмийн төлөөллүүд оролцож байна. 


Энэ удаагийн Талуудын бага хуралд 180 гаруй орны байгаль орчны асуудал хариуцсан сайд, дэд сайд болон элчин сайд нар гээд 18 мянган төлөөлөгч оролцож байгаа юм.


Бага хурлын хүрээнд “Нэг эрүүл мэнд” олон талт эвслийн НҮБ-ын Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO), Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (WOAH), Дэлхийн хүнс хөдөө аж ахуйн байгууллага (FAO), болон Байгаль орчны хөтөлбөр (UNEP) байгууллагуудын олон талт хамтын  ажиллагааг дэмжин ХБНГУ-ын Байгаль орчин, байгаль хамгаалал, цөмийн аюулгүй байдал, хэрэглэгчийн эрхийг хамгаалах яам (BMUV) санаачилсан “Эрүүл мэндэд тулгуурласан байгаль орчин” (N4H) санаачилгыг танилцуулах хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн зөвлөх Н.Батхүү оролцлоо.


Хурлаар байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хомсдол, эрчимжсэн мал аж ахуй, зэрлэг амьтадын худалдаа, зохисгүй хэрэглээний улмаас SARS, эбола, зика зэрэг амьтнаас хүнд халдварладаг зоонозын өвчин ихээр гарч байгаа болон үүнээс урьдчилан сэргийлэх арга замын тухай санал солилцлоо. Мөн хүний халдварт өвчний 75 хувь нь ийм замаар үүсдэг тухай Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас мэдээлэв.  


Тухайлбал Ковид-19 цар тахал нь дэлхийн эдийн засагт 13,5 их наяд долларын алдагдалд оруулж, 6,5 сая хүн нас барж, олон сая хүн ядууралд өртөж, хөгжлийн олон жилийг ухраасан үйл явдал үүний тод жишээ болно. Хүний, байгаль экологи, зэрлэг мал амьтанд үзүүлж буй дарамт нэмэгдсээр байвал энэ тоо өсөх магадлалтай байгааг зохион байгуулагч орон онцолж байлаа.


Иймд байгаль орчны асуудлыг бэхжүүлэх замаар халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх “Эрүүл мэндэд тулгуурласан байгаль орчин” (N4H) хамтын ажиллагааны хүрээнд Монгол, Вьетнам, Эквадор, Гана, Руанда, Замби улс оролцогч орноор сонгогдсоныг тус хурлаар олон улсад зарлав.


Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс, БОАЖЯ “Нэг эрүүл мэнд” олон талт эвслийн хүрээнд  байгаль орчин, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, хүн эмнэлэг нийгмийн эрүүл мэндийн салбар хоорондын уялдаа холбоог сайжруулж, малаас хүнд дамжин халдварладаг өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авахад анхаарч ажиллах юм.


Монгол Улсын Засгийн газар энэхүү төслийг Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS) болон "Нэг эрүүл мэнд” олон талт эвсэлтэй хамтран 2023 оноос хэрэгжүүлж эхэлнэ.



Холбоотой мэдээ