“Юнивишн” компанид хэрэглэгчтэй байгуулсан гэрээний хэд хэдэн заалтыг өөрчлөх шаардлага хүргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-12-09 13:22:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Юнивишн" компани хэрэглэгчдэдээ урьдчилж мэдэгдэлгүйгээр үнээ нэмсэн тухай гомдол сүүлийн үед Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт олноор иржээ.


Тус газар мэдээллийн мөрөөр судлахад “Юнивишн” компани үнэ нэмэхээс өмнө 10 дугаар сарын 30-нд “Зууны мэдээ” сонинд 12 дугаар сарын 1-нээс үнэ нэмэх тухай мэдэгдэл гаргасан байна. ШӨХТГ нь харилцаа холбооны салбарыг хянах заалтгүй бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хороонд үнэ нэмсэн нь үндэслэлтэй эсэхийг хянуулахаар хүсэлт хүргүүлээд байна.


Энэ талаар ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун “Тус компанийн хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд үнэ нэмэхтэй холбоотой зүйл заалт бий. 1800 хувь хэвлэгддэг “Зууны мэдээ” сониноор мэдээллээ түгээсэн нь зохисгүй юм. Хэрэглэгч бүр мэдээлэл авах эрхтэй тул мэдээлэл түгээх хамгийн боломжит суваг нь зурагтаа асаахад гарч ирдэг дэлгэцний хэсгийг ашиглаж болох байсан. Иймд мэдээлэл авах эрхийг нь зөрчсөн гэж үзээд үргэлжлүүлэн шалгана” гэв.


Үүнээс гадна “Sky media” компанийн урамшуулалт үйлчилгээг шалгахад хэрэглэгчдэд мэдээлэл хүргэснээс хойш 10 хоногт хариу мэдэгдээгүй бол хүлээн зөвшөөрсөн гэж үзээд, төлбөр төлөх зэрэг бусад үүргээс чөлөөлөх боломжгүй гэж заасныг буруу гэж үзжээ. Хүчээр түрэмгийлсэн энэ заалтыг өөрчлөх албан шаардлагыг “Sky media” компанид хүргүүлээд байна.

Дээр 2 компани хэрэглэгч багцаа ахиулахад нээлттэй ч багасгахад нь боломж олгохгүй байгаа, мөн интернэт, зурагт, суурин утсыг заавал хамтад нь авахыг шаарддаг, ижил төрлийн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг өөр үнэтэй, ялгавартай борлуулж буй гэрээний заалтыг өөрчлөх албан шаардлага хүргүүлээд байгааг С.Мөнхчулуун тэмдэглэлээ.


Түүнчлэн, ШӨХТГ-т “2015 онд 4 радиод 80-90 Мгц дээр долгионы тендер өгснөөр ямар ч автомашинд мэдээлэл нь шууд цацагдах боломжтой болж, бусад 33 радио нь зөвхөн зөв хүрдтэй Европ стандартын автомашинд цацагдах болсон нь шударга өрсөлдөх нөхцөлийг хязгаарлан, давуу эрх бий болгосон гомдлыг “Монголын FM радионуудын нэгдсэн холбоо”-оос ирүүлжээ. Гомдлыг хянаад, Өрсөлдөөний тухай хуулльд аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн гэж заасныг зөрчсөн гэж үзжээ. Иймд зөрчил дутагдлыг арилгаж, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 37 радиод аль ч автомашинд эфирээ цацах техникийн боломж олгох албан шаардлагыг ХХЗХ-нд хүргүүлжээ.


Мөн, арилжааны банкууд иргэдэд олгож буй ипотекийн зээлийн шимтгэлийг 1 хувиар тогтоож өрсөлдөөнийг хязгаарласан тул нэр бүхий 9 банкыг 20 сая төгрөгөөр торгох албан даалгавар хүргүүлсэн. Банкууд үүнийг эсэргүүцэн, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх хурал энэ сарын 7-нд болох байсныг 21-нийг хүртэл хойшлуулжээ.


Иргэд, аж ахуйн нэгжээс ШӨХТГ-т онгоцны тийзийн үнэ, агаарын хөлгийн шатахууны сумалгаа, ачилтын үнийн өсөлттэй холбоотой ирүүлсэн гомдлын дагуу онгоцны шатахуун борлуулах, цэнэглэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч “Мэргэ ван” ХХК-д холбогдох зөрчлийг шалгажээ. Давамгай байдлаа хууль бусаар ашиглан, бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт их үнэ тогтоосон тус компанид Зөрчлийн тухай хуульд зааснаар өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 183.6 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.


Тодруулбал, онгоцны түлшний үнийг 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн үнэтэй харьцуулахад хил үнэ энэ оны 8 дугаар сард 46.7, төгрөгийн ам.доллартай харьцах ханш 11.6 хувиар нэмэгдсэн. “Мэргэ ван” ХХК нь энэ оны 8 дугаар сард агаарын хөлгийн шатахууны сумалгааны кг тутамд 2800 байсан үнийг 5600 төгрөг болгож 100 хувь, ачилтын кг тутамд 2750 байсан үнийг 5550 төгрөг болгож 102 хувиар нэмээд байна. Валютын ханш 10 гаруй, хил үнэ 40 гаруй хувиар буюу нөлөөлөх хүчин зүйл 50 гаруй хувиар өөрчлөгдсөн байхад тус компани сумалгаа, ачилтын үнийг 100-102 хувиар нэмж давамгай байдлаа хууль бусаар ашиглан, бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоосон гэж үзсэнийг ШӨТХГ мэдээлсэн юм. 

Холбоотой мэдээ