Сүхбаатар аймгийн МСҮТ 190 суралцагчийг шинээр элсүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-08-26 15:14:10

Сүхбаатар аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь 2016-2017 оны хичээлийн жилд 190 хүүхэд шинээр элсүүлнэ. Өнгөрсөн хичээлийн жилд 9-р анги төгсөгчид улс, аймгийн хэмжээнд цөөхөн байсан учир энэ жилийн элсэлт урьд жилүүдээс бага байгааг МСҮТ-ийн аргазүйч Д. Нямсүрэн хэллээ. Элсэлтийн бүртгэл одоогоор 70 гаруй хувьтай явагдаж байна.

Нийт есөн мэргэжлээр элсэлт авч байгаа бөгөөд Гагнуурчин, Барилгын өргөн мэргэжил, Бүжигчин, Хөгжимчин, Тогооч, Модон эдлэлийн мужаан зэрэг анги нь 2,5 жил, Оёмол бүтээгдэхүүний оёдолчин, Барилгын засал чимэглэлийн ангиуд нь 1 жилийн хугацаатай. 2,5 жилийн ангид ЕБС-ийн 9-р анги төгсөгчдийг элсүүлэх бол, 1 жилийн ангид дандаа насанд хүрэгчид элсэн суралцана. Насанд хүрэгчдийн ангийн элсэлт хэдийн дуусчээ. Ер нь насанд хүрэгчид 1 жилийн хугацаатай мэргэжил олгох сургалтыг маш ихээр сонирхдог  гэдгийг тэрээр мөн хэлж байлаа.

Сүхбаатар аймгийн МСҮТ нь энэ жил анх удаа Жаахан шарга театартай хамтран урлагийн ангийг нээж байгаа. Ардын хөгжимчин, ардын бүжигчин гэсэн 2 ангид элсэлт авах зөвшөөрлийг холбогдох яамнаас олгожээ. Шинээр нээгдэж байгаа урлагийн ангийг хүүхдүүд маш ихээр сонирхож байгаа бөгөөд одоогоор 40 гаруй хүүхэд бүртгүүлжээ. Жаахан шарга театрын мэргэжилтнүүд бүртгүүлсэн хүүхдүүдээс шалгалт авч тэнцсэн 30 хүүхдийг л элсүүлэх юм байна. Тус ангид элсэгчид нь 2,5 жил суралцаад урлагийн байгууллагад ажиллах, сумдын сургууль, цэцэрлэг, соёлын төвд ажиллах эрхтэй болох юм.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ