ОРХОН: Ц.Наран-Эрдэнэ: Эрүүл мэндийн салбар сувилагчийн хомсдолд орж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-12-06 11:10:55
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймгийн БОЭТ-ийн захирал Ц.Наран-Эрдэнэтэй ярилцлаа. Эмнэлгийн салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, хүний нөөц, алсын хараа гээд олон асуудлыг хөндөж ярилаа.


-Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв бол бүс нутагтаа үйлчилдэг том эмнэлэг. Ачаалал ч ихтэй. Ковидын үед яаж ажиллаж, ямар ачаалал үүрч байсныг санаж байна. Энэ жил хэр байв?

-2020, 2021 он коронавирустэй тэмцсэн онцгой жил байсан. Энэ онд эмнэлгийн тусламж, үйлчилгээ хэвийн горимдоо шилжиж хүмүүсийн сэтгэл зүй ч харьцангуй тайвширсан. Тиймээс эмнэлгийн орчин, нөхцөл болон тав тух, оношилгоо, эмчилгээний чанар, хүртээмж, тоног төхөөрөмжийн хангалт, хүний нөөцийн чадавх зэрэгт анхаарлаа хандуулж ажилласан. ЭМЯ-наас энэ онд төсөл, хөтөлбөрөөс бүрдсэн хөрөнгө оруулалт л гэхэд 2.3 тэрбум төгрөг байна. Бид 2022 онд эмнэлэгтээ нэн шаардлагатай тасаг, нэгжийг байгуулсан. Нэгдүгээрт, Мэс заслын тусламж үйлчилгээний цар хүрээг нэмж Мэс заслын 2 дугаар тасгийг нээсэн. Өмнө нь Ерөнхий мэс заслын нэг тасагтай байсан учир бүх төрлийн буюу чих хамар, хоолой, нүд гээд төрөл бүрийн мэс ажилбар хийдэг байлаа. 2 дугаар тасгийг нээснээр илүү төрөлжиж байна гэсэн үг. Хоёрдугаарт, Хавдрын тусламж, үйлчилгээг цогцоор нь хөгжүүлж эхэлсэн. Үүнд, хөнгөвчлөх, бай, хими, түлэх, бөглөх хагалгаа хийхээр ажиллаж байна. Эдгээр эмчилгээг хийгээд ирэхээр өвчтөн маш их ядарч дахин дархлалын эмчилгээ хийх шаардлагатай болдог. Иймд хавдрын эмчилгээг цогцоор нь хийж энэ төрлийн үйлчилгээг орон нутагтаа хөгжүүлэхээр ажиллаж байна. Ирэх оноос хавдрын “бай” эмчилгээгээ эхлүүлэхээр ажлуудаа төлөвлөсөн.


-Том ажил эхлүүлж байгаа юм байна. Тоног төхөөрөмж, боловсон хүчний хангамж ямар байгаа вэ?

-Аливаа хөрөнгө оруулалт өөрөө амьдрах чадвартай, тусламж үйлчилгээнийхээ чанарыг даадаг байх ёстой. 2020, 2021 оны хөрөнгө оруулалт өнөөдрийн ажлыг хийх том суурь нь болж чадсан. Өнгөрсөн онд дүрс оношилгооны комьпютер томограф рентген, 4D эхо, улаан хоолой, бүдүүн гэдэсний дуран, ангиографийн аппараттай болсон. Эдгээр төхөөрөмжүүдийн уялдаа холбоо их учир бүрэн төгс ашиглах боломж бүрдсэн.

Ер нь эрүүл мэндийн салбарт хамгийн чухал нь мэргэжлийн боловсон хүчин, эмч, сувилагчид байдаг. Тоног, төхөөрөмж ажлынхаа хувьд 10,11-д нь эрэмбэлэгдэнэ. Үүнээс өмнө эмч нар эхлээд баг болох хэрэгтэй. Ажлаа ойлгох хэрэгтэй. Суралцах хэрэгтэй. Чаддаг байх хэрэгтэй. Чадахыг тэмүүлдэг байх хэрэгтэй. Энэ утгаараа оношилгоо, эмчилгээ, мэс заслын гээд таван төрлийн үндсэн мэргэжилтнүүдийг бэлдэх шаардлагатай гэсэн үг юм. Энэ таван төрлийн боловсон хүчин дээр нэмж сувилагч, техникч хэрэг болдог. Өөрөөр хэлбэл, нэг мэргэжилд 5 боловсон хүчин цаашлаад 15 мэргэжилтэн хэрэгтэй болдог. Иймээс бид сургуулиа төгсөж байгаа шинэ ажилтан, чадварлаг мэргэжилтэнг орон нутагтаа авч үлдэх гэж ажиллаж байна.


-Ямар ч гэсэн ангиографийн аппараттай болсны давуу тал их гарч байна. Үйлчлүүлэгчид эмнэлгийн тусламжийг шуурхай авч амьдралын чанараа дээшлүүлэх нь л чухал.  

-Өнгөрсөн онд бид ийм аппараттай боллоо гээд улс даяар магтуулсан. Үр дүн нь ч сайн байгаа. 2021 оны 12-р сарын 11 буюу Эрдэнэт хотын өдрөөр нээлтээ хийж байсан бол түүнээс хойш 215 дахь хагалгаагаа хийлээ. Тухайн үед бид энэ төслийг бичиж байхдаа нэг хүний зардлыг дунджаар 3 сая төгрөгөөр тооцож байсан юм.

Өөрөөр хэлбэл, нэг хүн зүрхний шигдээс болчихлоо гэж бодоход эндээс 24 цагийн тусламж аваад, Улаанбаатар хот руу явна. Шатахууны мөнгө, өвчтөнийг дагаад  1-2 эмч явна. Хотод очиход зарим үед нэг сар орчим хүлээх шаардлагатай болно. Хүлээлтийн зардал үүснэ. Энэ мэтчилэн нэг өвчтөн хотод эмчлүүлэхэд багадаа 3 сая төгрөг зарцуулдаг. Гурван сая хүн амтай улсад нийслэл хотод нь ийм аппарат маш цөөхөн байсан. Түүнд дугаарлаж олон хоног зарцуулна. Хувийн эмнэлгийнх нь төлбөр их. Нэг стент тавихад 1 сая төгрөг. Нэг өвчтөнд 1-3 стент тавина. Ингээд бодохоор өвчтөнөөс гарах санхүүгийн, сэтгэл зүй, цаг хугацааны зардал асар өндөр байдаг. Нэг айлаас хамгийн багадаа 5 сая төгрөг гарна. Тэгэхээр орон нутагтаа ангиографийн аппараттай болсноор нэг өрхийн 5 сая төгрөгт хэмнэлт гарч Улаанбаатар луу зорчих иргэдийн тоо багасч манайхны хэлдгээр 13А маягтын хэрэглээ багассан гэсэн үг.

Жилийн хугацаанд 215 иргэнийг орон нутагтаа эмчилсэн гэхээр дунджаар 1 тэрбум төгрөг хэмнэсэн байна. Энэ мөнгө орон нутагтаа үлдсэн байна. Тэр ч бүү хэл, хүмүүс эмчид үзүүлэх, эмчлүүлэх мөнгө хайж цалин, тэтгэврийн зээл авдаг. Энэ бүхэн багасч байгаа нь давуу тал гэж бодож байна. Энэхүү төслийг дэмжсэн ЭМЯ, орон нутгийн удирдлагадаа баярлалаа гэж хэлье.


- Жилд хэдэн хүн ийм эмчилгээ хийлгэхээр хотыг зорьдог бол?

Статистик тоо заримдаа зөрдөг. Жишээ нь би БОЭТ-өөс 13А маягт аваад явлаа гэхэд өөр хэн нэгэн маягтгүйгээр танил талаараа хот явчихдаг. Тэгэхээр бодит тоог гарахад хэцүү. Статистик мэдээллээр жилд 1500 орчим хүн 13А маягтаар явдаг гэсэн тоо бий. Үүнээс  4/1 нь  зүрхний шигдээс, ангиографийн тусламж авах гэж  явдаг.


-Эрдэнэтэд зонхилж буй өвчнийг бууруулахад ямар арга хэмжээ байна вэ?

-Артерын даралт ихсэх, зүрхний титэм өвчин түүнээс улбаатай тархины цус харвалт,  цусны эргэлтийн тогтолцооны өвчлөл болон хавдар зонхилж байна. Дотроо элэг, ходоодны хавдар эзэлж байна. Гуравдугаарт, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, уушги, осол, гэмтэл ордог. Эдгээр өвчлөлийг бууруулахын тулд өнөөдрийн хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн хангалт, хүний нөөцийн асуудлыг үе шаттайгаар шийдэж байна. Үр дүнд нь зүрхний шигдээсээр гэнэтийн нас баралт буурч байна. 2025 он хүртэл зүрхний хэм алдагдалтыг эмчлэх бааз сууриа бэлдэж байна. Ингэхээр ахиад л шинэ тасгийн асуудал хөндөгдөж байгаа юм. Энэ мэтчилэн асуудлыг цогцоор нь харж төлөвлөх нь чухал байгаа. Бид өмнөх жилүүдэд ходоодны дурангийн нэг эмчтэй байсан бол өнөөдөр 3 эмч, 3 аппараттай байна. Яваандаа дурангийн төв, нэгж ч үүсэх боломжтой юм. Мөн Орхон аймагт осол, гэмтлийн сэдвийг орхиж болохгүй. Манай эмнэлэгт гэмтэл, согог судлалын тасгийн хөгжил, үүх, түүх нь ч их. Олон төрлийн хагалгаа хийдэг, нарийн мэргэжлийн эмч нар баг бүрэлдэхүүн сайн бэхэжсэн.


-Цаашид анхаарах ёстой, төлөвлөх ёстой олон асуудал байгаа байх?

-Саяхан нэг танил маань нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд үр шилжүүлэн суулгах нь нэмэгдэж байна гэж хэлсэн. Манай аймагт ч ийм хүн олон байгаа. Цаашид орон нутагтаа энэ талаар судалж оношилгоо, эмчилгээ болон ургийн эрт үеийн оношилгооны пренеталь төв байгуулах шаардлага гарч байгаа юм. Орхон аймагт жилд дунджаар 2500 төрөлт бүртгэгддэг байсан бол сүүлийн жилүүдэд буурах хандлагатай байна. Тэгсэн хэрнээ ургийн гажиг болон нярайн тасгаар үйлчлүүлэх хүүхдүүдийн тоо буурахгүй байна. Төрөлт буураад байгаа хэрнээ эрүүл нярай нэмэгдэхгүй байсан гэсэн үг. Иймд ЭМЯ ч тэр, манай аймаг ч тэр үүнд оройлж ажиллахыг хичээж байна. Цаашид энэ төрлийн олон ажил явуулна. Өнгөрсөн жил бид Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, тэдний талаас нэг аймгийг сонгон боловсон хүчний солилцоо, туршлага судлах, мэдлэг дээшлүүлэх, аргазүйгээр туслахад бэлэн байгаагаа хэлсэн.


-Эрүүл мэндийн салбар гүйцэтгэлээрээ санхүүжиж эхэлснээс хойш гарсан гол өөрчлөлт юу вэ?

-ЭМЯ-наас гүйцэтгэлийн санхүүжилтийг нээж өгснөөр энэ онд бид үндсэн цалинг 3 удаа нэмсэн. Илүү цаг энэ тэрээ тооцоход эмч нарын цалин 23.5 хувиар нэмэгдсэн. Жишээ нь 2021 онд их сургуулиа төгсөөд ирж байгаа эмчийн цалин 731 мянган төгрөг байсан бол одоо 915 мянга болсон. Эмч нарын цалинг олгохдоо өдрөөр ажилладаг болон ээлжинд хонодог гээд өөр.

Мөн нэг удаагийн урамшууллыг бид энэ онд өгсөн. 30 ажилтанд тус бүр 20 сая төгрөгийн байрны урьдчилгааг нь өгсөнд олон эмч, сувилагч  баярласан. Гуравдугаарт, Монгол Улс сувилагчийн дутагдалд орсноо сая ковидын үед мэдсэн. 


Сувилагчийн дутагдлыг статистик тоон дээр үндэслэж хэлэхэд эмч, эмнэлгийн ажилтан бэлтгэдэг 14 их, дээд сургууль бий. 2024 он гэхэд нийт 4200 эмч зах зээлд нийлүүлэгдэх бол 1200 орчим сувилагч төгсөж байна. Тэгэхээр эрүүл мэндийн байгуулага сувилагчийн хомсдолд орж байна гэсэн үг.


Тиймээс бид Сувилагчаа сонсъё, сувилагчаа дэмжье аяныг зохион байгуулж сувилагчдынхаа бүх асуудлыг сонсож байна. Цалингийн хувьд хэлэхэд, дөнгөж сургууль төгссөн сувилагч 2021 онд 650 мянган төгрөг авдаг байсан бол энэ оноос 815 мянга буюу дунджаар 740-780 мянган төгрөг байна. Манайх үе шаттай нэмсээр 910 мянган төгрөг болгосон. Ондоо багтаагаад дахиад 20 хувиар нэмнэ. Дараа нь, ээлжинд хонож байгаа сувилагчийг халуун хоолоор хангах, гуравдугаарт, ажилчдынхаа автобусыг гаргаж өгөх хэрэгтэй байгаа. Манай сувилагчийн багагүй хувь нь гэр хороололд байдаг учир нийтийн тээврийн асуудал бас хүнд. Энэ бүхнийг үе шаттайгаар шийдэхээр сувилагчаа сонсох аян зохион байгууллаа. Манай БОЭТ сувилагчийн орон тоо 12 хувийн хомсдолтой байдаг. Бид Сувилахуйн төв байгуулж сувилагчаа дэмжиж олон арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөж байна.


-Аливаа байгууллагын үнэт капитал бол ажилтан. Эрдэнэтийн БОЭТ л эмч нараа сайн бэлддэг, сайн дэмждэг гэсэн мэдээлэл тарж байж танайхыг зорих эмч олон байх болов уу?

-Манай эмнэлэг ЭМЯ бодлогоор сургалт эрхлэх эрхтэй болсноор боловсон хүчнээ өөрсдөө бэлдэж байна. Энэ бол манай эмнэлгийн хамгийн том давуу тал. Нэг эмчийг бэлдэхэд 10 гаруй жил шаарддаг. Тэгвэл бид ажлын байран дээр нь мэргэжил олгож байна, мэргэжил дээшлүүлж байна, доктор, магистрт сурах боломжийг нь олгож байна. Энэ жил 4 эмчийг сургаж байна.


Яаралтай тусламжийн сувилагч буюу хуучнаар Сэхээний сувилагчийг дотооддоо бэлдэж байна. Монгол Улсад анх удаа. Энэ сургалтыг дагаад бусад аймгаас ирэх эмч, сувилагчийн тоо  бас нэмэгддэг.


Мөн эмч нарын бас нэг хийх чухал зүйл бол судалгаа. Эмчийн хөгжлийн төв, судалгаа арга зүйн төвийг боловсруулж ирэх оноос хөрөнгө оруулалтаа үүнд чиглүүлнэ. Бид эмч нараа судлаачийн хэмжээнд байлгахын тулд бүх талаас нь дэмжиж байна. Ажлын байрыг нь хадгална, цалин урамшууллыг нэмнэ. Бас цахимаар сурах боломжийг нь хангаж АШУҮИС-тай гэрээ хийсэн. БОЭТ-өөс тэргүүлэх чиглэлээр 3 хүнийг докторын сургалтад нь үнэгүй хамруулъя гээд. Одоогийн байдлаар нэг сувилагч докторын сургалтад тэнцээд байгаа. Бид хүний нөөцөө бэлдэхгүй бол ойрын таван жилийн хугацаанд нийт сувилагчийн 60 хувь нь тэтгэвэртээ гарна. Нэг сувилагч дээр нэмэх нь нэг сувилагч гэж бэлдэх зайлшгүй асуудал тулгараад байгаа. Тиймээс Сувилагчийн хөгжлийн төвийг төлөвлөсөн. Энэ мэтчилэн хийсэн ажлаа дурдвал олон бий. Гол нь цаашдын үр дүн хаана, хэзээ гарах вэ гэдэг нь чухал.


Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, шинэчлэлт, өөрчлөлт бүхэн нь хүний амьдралын чанарыг уртасгаж байдаг.

Ирэх жил илүү олон өөрчлөлт гарах байх гэж бодож байна

-Ярилцсанд баярлалаа.

 

Холбоотой мэдээ