ГОВЬ-АЛТАЙ: Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнийг Х.Магвандорж дасгалжуулагчтай Говь-Алтай аймаг тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-11-29 19:57:19

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Хантайшир” бөхийн дэвжээнээс санаачлан зохион байгуулсан Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат Монгол Улсын заан Р.Давааням агсны нэрэмжит “Түмний манлай-2022” үндэсний болон чөлөөт бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо.


Энэхүү тэмцээнд Говь-Алтай аймаг /13 cум, Есөнбулаг сумын 7 сургууль /, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Эрдэнэт Орхон Ирээдүйн Одод, Алдар спорт хороо, нийт 33 байгууллагын 1022 өсвөрийн тамирчин үндэсний бөхийн гурван насны ангилалд, чөлөөт бөхийн эрэгтэй 16, эмэгтэй 14 жинд ухаан бодол, хүч чадал, авхаалж самбаагаа сорин барилдаж аваргуудаа тодрууллаа.

Мэргэжлийн сумо бөхийн 70 дахь их аварга Монгол Улсын гавьяат тамирчин, Хантайшир бөхийн дэвжээний тэргүүн Д,Бямбадорж тэмцээнд шавь нараа бэлтгэн оролцуулсан бүх багш, дасгалжуулагч нарт мөнгөн урамшуулал олгосноороо ихээхэн онцлогтой болсон юм. 

Харин тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр “АБААЗАН” сан ажилласан ба тус сангийн тэргүүн Ц.Мягмарсүрэн “Шилдэг эмэгтэй тамирчин” Б.Удвал /Говь-Алтай/, “Шилдэг эрэгтэй тамирчин” М.Майдар /Увс/, Я.Ховланды /Баян-Өлгий/, “Уран барилдааны шагнал, “Шилдэг шүүгч”-ээр Улсын шүүгч Г.Энхжин, “Шилдэг дасгалжуулагч”-аар Говь-Алтай аймгийн Цээл сумын бөхийн багш М.Даянжалба нарыг шагнаж урамшуулав. 

Багийн нэгдсэн дүнгээр Спортын мастер Х.Магвандорж дасгалжуулагчтай Говь-Алтай аймаг тэргүүлж, спортын мастер Ш.Бат-Очир дасгалжуулагчтай Увс аймаг удаалж, аймгийн начин С.Бахыт дасгалжуулагчтай Баян-Өлгийн аймгийн баг тамирчид гутгаар байр эзэллээ. 


Холбоотой мэдээ