Дэлхийн хамгийн том идэвхтэй галт уул дэлбэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-11-29 13:00:07

ВАШИНГТОН. /BBC/. Хавай арал дээр оршдог Мауна-Лоа хэмээх дэлхийн хамгийн том идэвхтэй галт уул сүүлийн 40 орчим жилийн хугацаанд анх удаагаа дэлбэрчээ.


Галт уулын хайлмаг буюу лаавын урсгал оршин суугчдад аюул учруулахуйц хүрээнд тархаагүй боловч анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулсан байна. Өмнө нь үнс нурам цацагдах аюултайг сэрэмжлүүлээд байжээ.


АНУ-ын Геологийн албанаас нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж болзошгүй гэж мэдээлсэн байна. Мөн галт уулын аюулын түвшнийг “зөвлөмж өгөх” түвшнээс “анхааруулах” буюу хамгийн өндөр түвшинд хүргэж ахиулаад байна.


Одоогоор оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх зөвлөмж гараагүй байгаа бөгөөд хүн ам суурьшсан газрууд байгалийн гамшигт үзэгдэлд өртөх магадлал бага байна гэж онцгой байдлын албаныхан мэдээлжээ.


Хавайн галт уулын үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх Мауна-Лоа галт уул нь далайн түвшнээс дээш 4169 метрийн өндөрт, 5189 хавтгай дөрвөлжин км талбайг хамран оршдог байна.


Геологийн албаны мэдээллээр, Мауна-Лоа галт уул 1843 оноос хойш 33 удаа дэлбэрсэн бөгөөд хамгийн сүүлд 1984 онд дэлбэрч байжээ. 

Холбоотой мэдээ