О.Цогтгэрэл: Орон нутгийг хөгжүүлэх МАН-ын зорилт биелсэнгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-11-28 13:31:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийлээ.


Тус хуралдаанаар МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан нийслэл болон хөдөө орон нутгийг хөгжүүлэх чиглэлээр дэвшүүлсэн зорилтын биелэлт, УИХ-ын түвшинд хэлэлцэгдэж буй Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцсэн болохыг бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээллээ.


Тэрбээр цааш ярихдаа “МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан хот хөдөөг хөгжүүлэх зорилтын хүрээнд 207 төрлийн амлалт өгсөн. Тухайлбал, бүс нутгуудад аж үйлдвэрийн парк байгуулна, орлогод нь нийцүүлж 100 мянган өрхийг орон сууцтай болгоно, төв сууринд амьдарч буй иргэдийнхээ 70-аас дээш хувийг орон сууцаар хангана, 99 сумыг жишиг сум болгоно, түрээсийн 5000 орон сууц барина, аймагт бүрд "Нутгийн зам" хөтөлбөр хэрэгжүүлнэ, нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлнэ гэх зэрэг амлалт өгсөн ч амьдрал дээр биелэгдсэнгүй. Харин ч ухралт болсон. Хэдхэн хоногийн дараа 2023 он гарахгүй нь. Эрх баригчид эдгээр амлалтаа биелүүлээсэй” гэлээ. 


Үүний зэрэгцээ бүлгийн түвшинд АН-ын гишүүд дэмжигчидтэйгээ бүхий л талаар хамтарч ажиллахыг уриалсан уриалга гаргасан болохыг мэдээлэв.


Холбоотой мэдээ