ЕХ-ны орнуудад 630 мянган цагаач хууль бусаар нэвтэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-10-05 10:49:10

ПАРИС. /TASS/. Он гарснаас хойш Европын Холбооны /ЕХ/ орнуудад 630 мянган цагаач хууль бусаар нэвтэрчээ. Энэ тухай ЕХ-ны Хилийн аюулгүй байдлын агентлагийн /“Frontex”/ тэргүүн Фабрис Лежери Францын "Дерньер нувель д'Альзас" сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.

“Цагаачид хууль бусаар хил нэвтэрсэн 630 мянга орчим тохиолдлыг бид бүртгэсэн” гэж тэрбээр хэлжээ. Лежеригийн хэлснээр, хууль бус цагаачдыг нутаг буцаахын тулд “Frontex” энэ жил зорчигч тээврийн 60 онгоц түрээслэхээс аргагүйд хүрнэ. Өнгөрсөн жил хууль бус цагаачдыг нутаг буцаахад 39 онгоц ашиглаж байжээ. Үүний сацуу, цагаачдын ирсэн улс орнууд тэднийг ихэвчлэн хүлээж авахаас татгалздаг учир 39 хувь хүрэхгүй тохиолдолд нутаг буцааж чаддаг болохыг “Frontex”-ийн тэргүүн онцлон тэмдэглэсэн байна.

Хууль бус цагаачдын асуудлыг зохицуулах зорилгоор ЕХ-ны орнууд хоорондоо илүү нягт хамтран ажиллахыг “Frontex”-ийн тэргүүн дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. “Өөрийн орнуудын хил дээр хэдэн зуун цагдаа байрлуулахын оронд тэднийг ЕХ-ны гадаад хил рүү илгээх нь илүү оновчтой гэдгийг улс орнууд ойлгох хэрэгтэй. Хэрэв улс орнууд дангаараа хямралыг зохицуулахыг оролдсоор байвал, цагаачид улсаас улс дамжсаар байх бөгөөд энэ бүх улсад хохирол учруулна” гэж тэрбээр хэлжээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд