ДУНДГОВЬ: Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хангамжийг өсгөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-11-13 21:59:51
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хангамж-Аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний нээлт 11 дүгээр сарын 13-ны өдөр Дундговь аймагт болов.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ, аймгийн ЗДТГ, ИТХ, ХХААГ-аас хамтран зохион байгуулж буй "Хүнсний хангамж-Аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний нээлтийн ажиллагаанд Ерөнхийлөгчийн хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх О.Буяннэмэх, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны ахлах зөвлөх Ш.Ариунжаргал, ХХААХҮЯ-ны Газар тариалан бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Мал эмнэлгийн Ерөнхий газрын Мал амьтны эрүүл мэндийн газрын дарга Т.Тунгалаг, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат болон иргэдийн төлөөлөл, хүнс үйлдвэрлэгчид оролцлоо.


Үйл ажиллагааг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нээж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх О.Буяннэмэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг танилцуулж, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны Ахлах зөвлөх Ш.Ариунжаргал “Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах тухай”, ХХААХҮЯ-ны Газар тариалан бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ “Хүнсний хангамж-Аюулгүй байдал, түүний хэрэгжилтийн тухай”, Мал эмнэлгийн Ерөнхий газрын Мал амьтны эрүүл мэндийн газрын дарга Т.Тунгалаг “Мал эмнэлгийн салбарын тогтолцоо, цаашдын чиглэл” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.


Түүнчлэн “Хүнсний хангамж-Аюулгүй байдлыг хангах” үндэсний хөдөлгөөнийг Дундговь аймгийн хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн стратеги төлөвлөгөөтэй хэрхэн уялдуулах тухай аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат танилцуулж, иргэд хүрэлцэн ирсэн зочдоос асуулт асууж, “Хүнсний хангамж-Аюулгүй байдлыг хангах” үндэсний хөдөлгөөнийг орон нутагт хэрэгжүүлэх талаар өөрсдийн саналаа хэлсэн юм.


Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Та бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариаланг эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс үйлдвэрлэгч орон болох зорилтыг хэрэгжүүлэх ажлын эхлэл болгон өнөөдрийн энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна.


Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх суурь асуудлын нэг бол хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх явдал юм. Хүнс эрүүл бол иргэн эрүүл гэдэг ардын үг бий. Тиймээс хүн амын хүнсний аюулгүй байдал, хүсний хангамж, иргэдийн эрүүл, зөв амьдрал, хүний бие махбодийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд, тогтвортой, хүртээмжтэй хангах нь онцгой чухал асуудлуудын нэг байсаар байна.


Өнөөдөр дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдал, цар тахал, тээвэр ложистикийн хүндрэл, ажилгүйдэл, ядуурал, бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт зэргээс шалтгаалсан хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал улс орон бүрийн нэн тулгамдсан асуудал, сорилт болж байна.


Монголчууд бид мах, гурил, төмс гэсэн гурван бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж байгаа бол Дундговь аймгийн хувьд зөвхөн махаар дотоодын хэрэгцээгээ хангаж байна. Дундговьчууд бид гурилан бүтээгдэхүүний 40, хүнсний ногоо болон сүүн бүтээгдэхүүний 60 орчим, өндөгний 70 орчим хувийг гадны зах зээлээс авч байна.

ХАА-д суурилсан, тэр дундаа мал аж ахуйд суурилсан эдийн засагтай манай аймгийн хувьд тухайн салбар нь зах зээлд өрсөлдөх чадвартай, аливаа эрсдэлд дархлаатай, өрхийн үйлдвэрлэлээс үндэсний үйлдвэрлэл хүртэлх хүртээмжтэй, оновчтой тогтолцоотой, эрүүл малтай, өндөр бүтээмжтэй, байгаль орчинд ээлтэй, суурь дэд бүтэцтэй, шинэ техник, технологийг нэвтрүүлсэн мэргэшсэн хүний нөөцтэй, хувийн хэвшилд тулгуурласан байх зайлшгүй шаардлага урган гарч байна.

Иймээс хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, гурил, гурилан бүтээгдэхүүн, хүлэмжийн нарийн ногоо, өндөг, тахианы махаар хүн амын хүнсний хэрэгцээний хангалтын хувийг нэмэгдүүлэхээр өрнүүлсэн “Хүнсний хангамж-Аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар хэрэгжүүлэх санаачилгыг хамтдаа хэрэгжүүлье!


Энэ цаг мөчөөс эхлэн бид өөрсдөө үйлдвэрлэж, говийн ариун дагшин хөрсөнд ургасан экологийн цэвэр хүнсээр хэрэгцээгээ бүрэн хангахын зэрэгцээ хүнсний боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр байгуулах зорилго тавьж ажиллах шаардлагатай болж байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд баялаг бүтээгчид, тариаланчид, малчид, хүнс үйлдвэрлэгчид бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, ТББ-уудын хамтын ажиллагаа онцгой чухал үүрэгтэй” гээд улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшил, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүн бүр “Хүнсний хангамж-Аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хамтран ажиллахын зэрэгцээ эх орондоо үйлдвэрлэсэн хоол, хүнс, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авдаг эх оронч хэрэглэгч байхыг ард түмэндээ уриаллаа.


Түүний дараа Ерөнхийлөгчийн хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх О.Буяннэмэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уншиж танилцуулан аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатад гардуулан өглөө.


Тус мэндчилгээнд “Монгол Улсын Ерөнхийлөгч хүн амынхаа хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарч, тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг санаачлан улсын хэмжээнд өрнүүлж буйг та бүхэн мэднэ. Энэ хөдөлгөөн нь хүн амынхаа хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж, улмаар бүс нутаг, Олон улсын зах зээлд экспортлох боломж, нөхцөл бүрдүүлэх зорилготой юм.

Цар тахал, геополитик, тээвэр ложистикийн асуудлаас улбаалан хүнсний хомсдол хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудал болж монголчууд бид үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ орчин үеийн техник технологийн хөгжлийг ашиглан сайжруулж, олон улсын стандартад нийцүүлэн экспортод гаргах боломжийг бий болгоход анхаарах шаардлагатай байна. Үүний тулд ХАА-н салбарын удирдлага, санхүүгийн тогтолцоог шинэчилж, мэргэшсэн хүний нөөцтэй, эрсдэлийг даах чадвартай, өндөр бүтээмжтэй, өргөн хүртээмжтэй, хамгийн чухал нь байгаль, орчинд ээлтэйгээр хөгжүүлэх учиртай.

Монголчууд бид мах, гурил, төмс гэсэн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангаж байна. Энэ бол чамлахааргүй амжилт бөгөөд олон жилийн нөр их хөдөлмөр юм. Тэгвэл ирэх 5 жилд гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнийг дотоодын хэрэгцээгээр бүрэн хангаж, “Хүнсний хувьсгал” хийцгээе!

Мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, лууван, байцаа, манжин, сонгино, саримс, хүрэн манжин, гурил, гурилан бүтээгдэхүүн, хүлэмжийн ногоо, өндөг, цөцгийн тос, хүнсний давс, тахианы мах, ургамлын тосоор хүн амын хүнсний хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж, цаашдаа элсэн чихэр, төрөл бүрийн будаа, гахайн мах, жимс жимсгэнээр хангах ажлыг эрчимтэй эхлүүлье!

2010 оноос хойш хөгжингүй орнуудын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд цахимжуулалт эрчимтэй нэвтэрч ухаалаг, иж бүрэн автомат хүлэмж зэрэг шинэ дэвшилтэт техник, технологи ашиглаж эхэлснийг аймаг бүрд нэвтрүүлэх шаардлага тулгарч байна. Бидний өвөг дээдэс өнө эртнээс нүүдлийн мал аж ахуй эрхэлж хоол хүнс, дээл хувцас, эд зүйлсээ өөрсдөө үйлдвэрлэж, худалдаа наймаа эрхлэн, бусдаас хараат бус явж ирсэн бахдам түүхтэй. Өвөг дээдсийн сургаал, түүхэн туршлагаас харахад монголчууд бид монгол хүнсээр дотоодын хэрэгцээгээ хангаж, үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулж ирсэн. Гэтэл өнөөдөр манай улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ бараг тэн хагасыг, түүн дотор хүнсний бүтээгдэхүүний 50 орчим хувийг гаднаас авч байна.

2021 онд нэг тэрбум ам.доллароор хэмжигдэх хүнсний бүтээгдэхүүнийг импортоор авчээ. Энэ их валютын урсгалыг дотооддоо үлдээхийн төлөө бид хамтран зүтгэх ёстой. Эрхэм хүнс үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид ээ! Бид цаашид шинэ зууны хөгжлийн бодлогоо тодорхойлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэгүйдлийг арилгах, малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дотоодын хэрэгцээг гол нэрийн хүнсээр бүрэн хангах, хоршоологчдын санхүүгийн чадамжийг бэхжүүлэх, аж ахуйг хөгжүүлэхэд зориулж тусгай зээл олгох, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх, олон төрөлт хоршоог бий болгох зэрэг ажлуудад идэвх, санаачилгатай оролцох шаардлагатай байна.


Түүнчлэн төр, засгаас хэрэгжүүлж буй томоохон бодлогын шинэчлэлүүд, тухайлбал Халамжаас-Хөдөлмөрт, Олборлолтоос-Боловсруулалтад, Импортоос-Экспортод шилжих зэрэг суурь зорилтуудыг бодит ажил болгоход идэвхтэй хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхийг та бүхнээс хүсэж байна. Мөн ажлын байраа нэмэгдүүлэх, бүтээмжээ сайжруулах, шинэ техник, технологи, инновац нэвтрүүлэх, гадаад, дотоод зах зээлд чиглэсэн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, гадаад худалдааны болон эдийн засгийн бусад хөнгөлөлт, чөлөөлөлтүүдийг идэвхтэй ашиглах, нэн шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой анхаарах шаардлагатай байна.

Эрүүл монгол хүнийг бүтээх эрүүл хүнсийг бий болгох зорилготой "Хүнсний хувьсгал"-д хүн бүрийн хүчин чармайлт онцгой үүрэгтэй. Хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч болсон үндэсний үйлдвэрлэгч та бүхний нөр их хүч хөдөлмөр, эх орноо гэсэн итгэл сэтгэл дээр улс орны маань ирээдүй, эрүүл мэнд, эдийн засгийн аюулгүй байдал оршин байгаа гэдгийг сануулья! Хүн амыг хэрэгцээт бүтээгдэхүүнээр бүрэн хангах, хүнсний аюулгүй байдал, чанар стандартыг сайжруулах үйлсэд оюун ухаан, хүч чадлаа дайчлан ажиллаж байгаа Хүнс, хөдөө аж ахуйн салбарынхаа нийт ажиллагсад, малчид, тариаланч, ногоочид та бүхэндээ ургац нь арвин, ажил нь өрнүүн байхын ерөөл өргөе. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай!” гэжээ.


ХХААХҮЯ-ны Газар тариалан бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ "Хүнсний хангамж-Аюулгүй байдал, түүний хэрэгжилтийн тухай" мэдээлэлдээ улс орны болон дэлхий нийтийн хүнсний хангамж, хоол тэжээлийн хангалт, чанар аюулгүй байдлын өнөөгийн нөхцлийг танилцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүнсний хангамж-Аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 36-р тогтоолын хэрэгжилт, түүнийг хангах талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулсан.

“Хүнсний хангамж-Аюулгүй байдал”-ыг хангах зарим арга хэмжээний төлөвлөгөө нь Эрх зүйн орчин, Удирдлага зохион байгуулалт, газар тариалангийн үйлдвэрлэл, мал аж ахуйн үйлдвэрлэл, хүнсний боловсруулах үйлдвэрлэл чиглэлээр үндсэн 5 зорилтын хүрээнд 116 үйл ажиллагааг хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийг хэрэгжүүлэхэд  1,7 их наяд төгрөгийн санхүүжилт батлагдсанаас 841,3 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэх ажээ.


Дундговь аймгийн статистикийн мэдээллийн санд бүртгэлтэй 1312 аж ахуйн нэгж байгаагаас 597 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдгээрийн 23 нь хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг. Аймгийн хэмжээнд хүн амын жилийн хэрэгцээт махны хэмжээ 1683.2 тн , харин жилийн хэрэгцээт сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээ 2244,3 тн байна. Зах зээл дээр сүүний хэрэгцээний 0.05, махны 5,9 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүн эзэлдэг аж.

Цаашид гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хангамжийн хувийг өсгөх, стандарт эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, аюулгүй  мах махан бүтээгдэхүүн, үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүнээр хүн амынхаа хэрэгцээг хангахыг зорьж байна. 

Тус аймаг 2022 онд 65,9 га талбайгаас  419,2 тн ургац хураан авч, хүн амын хүнсний ногооны хэрэгцээний 4,5 хувь, төмсний 14,5 хувийг хангажээ. Цаашид хамгаалагдсан хөрсний тариалалтыг эрчимжүүлэн хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлж, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хүн амын төмс, хүнсний ногооны хэрэгцээний 40 хувийг хангах зорилт тавьжээ.

2021 оны жилийн эцсийн мал тооллогоор тус аймаг 3170484 толгой мал тоолуулсан бөгөөд цаашид эрүүл, чанартай, ашиг шим өндөртэй малыг өсгөн үржүүлж, хүн амыг эрүүл хүнсээр хангахаар төлөвлөж байна.


Энэ үеэр “Мандалговь хүнс”, “Говийн гэгээ”, “Жаргалант сор” ХХК, “Оргил бэйкэри” зэрэг хүнс үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд танилцуулан үзэсгэлэн гаргажээ.

“Хүнсний хангамж-Аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн 21 дэх аймагтаа буюу Дундговь аймагт нээлтээ хийж, үйл ажиллагаагаа ийнхүү эхэллээ.

Холбоотой мэдээ