Тендерийн баталгаа, гүйцэтгэлийн хувь хэмжээг бууруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-11-11 10:44:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөлд тендерийн болон гүйцэтгэлийн баталгааны хувь хэмжээг бууруулахаар тусгаад байна. Энэ талаар дээрх хуулийн төслийн талаар МҮХАҮТ-д болсон нээлттэй хэлэлцүүлгийн үеэр Сангийн яамнаас мэдээлсэн юм.


Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд өнгөрсөн 4 дүгээр сард Тендерийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энд төр, засгаас ААН-үүдийн үйл ажиллагааг дэмжих үүднээс тендерийн баталгааг 0.5, гүйцэтгэлийн баталгааны хувь 5 байсныг бууруулсан. Үүнийг цаашид үргэлжлүүлэн хадгалж явна гэдгээ төр, засаг амлаад буй.



Арилжааны банкуудаас авсан мэдээллээр 47 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий тендерийн баталгааг ААН-үүдэд буцаан олгожээ.


Тодруулбал, ААН-үүд өмнө нь төрийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тендерт оролцохдоо 2 хүртэл хувийн баталгааг байршуулдаг байсныг 0.5 хувь болгосон. Нэг компани нэг тендерт өгдөг байсан баталгаагаа 4 хуваан 4 тендерт оролцох боломжийг олгосон юм.


Харин гүйцэтгэлийн баталгаан дээр өмнө нь байгуулах гэж буй гэрээнийхээ 5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг банканд байршуулаад гэрээгээ баталгаажуулдаг байсан бол одоо тухайн санхүүжүүлэх дүнгийнхээ 3 хувиар гүйцэтгэлийн баталгааг хангуулан гэрээгээ хүчин төгөлдөр зурах боломжийг олгожээ. Энэ талаар арилжааны банкуудаас авсан мэдээллээр 47 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий тендерийн баталгааг ААН-үүдэд буцаан олгожээ.


Мөн Засгийн газар хүлээж буй үүргийн хүрээнд тогтвортой, ногоон худалдан авалтын зорилтод нийцүүлэн энэ талын худалдан авалтын үйл ажиллагааны зохицуулалтыг хуулийн төсөлд тусгаад байна. Тодруулбал, ногоон худалдан авалттай холбоотой техникийн үндэслэлийг боловсруулах, тендерийн баримт бичигт энэ талаар тусгах талаар хуулийн төсөлд оруулаад буйг Сангийн яамнаас мэдээлж байна.


Хуулийн өөрчлөлтийн хүрээнд тендертэй холбоотой үйл ажиллагааны хүрээнд гарч буй зөрчилд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох шаардлагатай байгааг төр, засгийнхан болон хувийн хэвшлийнхэн аль аль нь хэлж байна. 

Холбоотой мэдээ