Үерт нэрвэгдсэн Луизианагийн нөхцөл байдалтай Обама танилцлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-08-24 10:42:42

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын үерт нэрвэгдсэн Луизиана муж улсад Ерөнхийлөгч Барак Обама очиж, сэргээн босголтын ажлын явцтай танилцлаа.

Тус муж улсад ажиллаж буй Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүнтэй Ерөнхийлөгч Обама мягмар гарагт уулзаж, хохирлын хэмжээ болон сэргээн босголтын ажлын явцтай танилцсан байна.

Луизиана муж улсад энэ сарын дундуур аадар бороо орж, үер болсны улмаас 13 хүн амь эрсдэж, 60 мянган айлын орон гэр эвдэрч сүйдсэн билээ.

Обама өнгөрсөн долоо хоногийн эцэс хүртэл хоёр долоо хоногийн амралттай байсан юм.

Амралтаа таслан үерт нэрвэгдсэн Луизианагийн нөхцөл байдалтай танилцахыг түүнд Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уриалж байв.

Тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт Луизианад очин нөхцөл байдалтай танилцсан юм. Тэрбээр твиттерт өчигдөр “Обама гольф тоглож байхынхаа оронд хэд хоногийн өмнө Луизианад очих хэрэгтэй байсан юм” гэж жиргэжээ.

Харин Обама сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “үерт өртсөн хүмүүст чадах бүхнээрээ тусалж, тэдэнд дэмжлэг үзүүлэхийг холбогдох албаны хүмүүст би нэг долоо хоногийн өмнө үүрэг болгосон” гэжээ.

Одоогоос 11 жилийн өмнө тус муж улсыг “Катрина” хар салхи дайрахад “гамшигт өртсөн хүмүүст туслах арга хэмжээг яаралтай авсангүй” гэж тухайн үеийн Ерөнхийлөгч Жорж Бушийн засаг захиргааг америкчууд шүүмжилж байсан юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ