ДУНДГОВЬ: Үндэсний монгол бичгийн бататгал хичээлээ дуусч, “Үсэглэлийн баяр”-аа тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-10-26 11:40:09
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/ Сайнцагаан сумын 3 дугаар цэцэрлэгийн багш, ажилчид үндэсний монгол бичгийн бататгал хичээлээ дуусч, “Үсэглэлийн баяр”-аа тэмдэглэн, аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлөөс анхан шатны “Батламж”-аа гардан авлаа.

Тус цэцэрлэгийн 24 багш, ажилтан ажлынхаа чөлөөт цагаар монгол хэл, уран зохиолын багш Л.Уранбайгалиар монгол бичгийн бататгал хичээлүүдээ заалган сорил өгч, хамт олноороо 89 хувийн амжилттайгаар анхан шатны сургалтаа ийнхүү дүүргэжээ.

Цэцэрлэгийн багш Н.Цэнгэлбаяр, нягтлан бодогч Э.Оюунболор нар сорилоо амжилттай өгч, “Онц” дүнтэй шалгуулж, бусдыгаа хошуучилсан байна. 

“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дундговь аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлөөс санаачлан 2021 оноос Ардын багш Д.Төмөртэй хамтран төрийн байгууллагын ажилтнуудад “Монгол бичгийн цахим сургалт” зохион байгуулж, бататгах хичээлийг аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын монгол хэл, уран зохиолын багш нараар заалган, сорил, шалгалт аван “Батламж” олгож байгаа юм.

Сайнцагаан сумын 3 дугаар цэцэрлэгийн багш нар бататгах хичээлээ давтан үзсэнээр шалгалтаа амжилттай өгсөн төдийгүй байгууллага дотроо “Сайхан бичигтэн”, “Уншлагын аварга”-аа шалгаруулж, ажилчдынхаа хувийн хэргийн товьёг, цэцэрлэгийн гадна болон доторх бүх хаягийг монгол бичгээр бичиж байрлуулсан байна. 

Холбоотой мэдээ