УДЭТ өвөл цагийн үзвэрийн тоглолтоо “Сычуаний сайн хүн” жүжгээр нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-10-25 13:31:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДЭТ-ын уран бүтээлчид өвөл цагийн үзвэрийн жилийн нээлтээ Германы сонгодог зохиолч, яруу найрагч, найруулагч, театрын онолч Бертольт Брехтийн алдарт зохиол “Сычуаний сайн хүн” жүжгээр нээнэ.

 

Тус театрын уран бүтээлчид, арын албаны баг бүрэлдэхүүн тус жүжгийг 11 дүгээр сард үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж буй юм.

 

Жүжгийн ерөнхий найруулагчаар ОХУ-ын Москва хотод "ГИТИС-Театрын их сургууль"-ийг театрын найруулагч мэргэжлээр суралцаж төгссөн  Э.Ёндоншарав ажиллаж байна. Тэрбээр УДЭТ-ын тайзнаа Ардын жүжигчин А.Очирбатын “Буруугуй буруутан”, Грек улс Афина хотод Еврипидийн “Электра”, Москва хотод М.А.Булгаковын “Морфий”, Украин улсад М.Камолеттийн “Бойнг Бойнг”, Завхан аймагт “Жангар” жүжгийн ерөнхий найруулагч, Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны ассистент найруулагчаар тус тус ажиллаад буй юм.


Дэлхий дахинаа театр урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан аугаа эрхмүүдийн нэгэн төлөөлөл Германы сонгодог зохиолч, яруу найрагч, найруулагч, театрын онолч Бертольт Брехт зөвхөн сайн зохиол бичихээс илүүтэй театр урлагт хувьсгал хийсэн нэгэн юм. Брехтийн туулж өнгөрүүлсэн амьдрал, түүний уран бүтээлд ихээхэн нөлөөтэй байсан.

 

Брехтийн “Туульсын театр”-ын арга барилаар бүтээсэн хамгийн алдартай жүжиг бол “The Good person of Szechwan” буюу “Сычуаний сайн хүн” хэмээх бүтээл нь юм. Олон шүүмжлэгчид уг жүжгийг Брехтийн “Туульсын театр”-ын шилдэг жишээнүүдийн нэг гэж үздэг. Учир нь энэхүү жүжиг үзэгчдийг сорьж чаддаг.

Жүжгийн үйл явдал дэлхийн I-II дайны хооронд дахь цаг хугацаанд Хятад улсад өрнөдөг ба Брехт энэхүү жүжигт Хятадын театр урлагийн зарим уламжлалыг шингээсэн гэж үздэг.



Холбоотой мэдээ