Ганга нуурын 50-иас илүү хувь нь ширгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-08-22 12:14:49

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын байгалийн үзэсгэлэнт газруудын нэг Ганга нуурын 50-иас илүү хувь нь ширгэсэн байна.

Долоон сараас хойш тус суманд бороо ороогүй, хэт халалтаас болж ууршилт их явагдсан, элсний нүүдэл болон их хэмжээний лагтай байгаа зэрэг байгалийн хүчин зүйл нөлөөлжээ. Мөн ойр орчмын мал ундны усгүй болсон учир ойр орчмын малчид Ганга нууранд малаа оруулах явдал  ихэсчээ.

Ганга нуур бол Сүхбаатарчууд үе үедээ хайрлан хамгаалж, шүтэж ирсэн нуур. Ганга нуурт 21 булаг цутгадаг бөгөөд мөн ихэнх булаг нь ширгэжээ. Өнгөрсөн жил гэхэд тус 21 булгаас зөвхөн 11 булаг нь тоологдож байсан удаатай. Энэ тоо одоо хэд болсон нь тодорхойгүй байна. Нуурынхаа яг дэргэд байдаг Оргихын булгийн оргил нь багассан байна гэх мэдээлэл бий. Тиймээс Аймгийн зүгээс Ганга нуурыг судлах, хамгаалах ажлын хэсэг гарган ажиллаж байгаа бөгөөд хамгийн эхний судалгаагаар нуурын ёроолд 70 см орчим лаг байна. Лагийг доош ухаад үзэхэд ус хэвийн ундарч байна гэсэн дүгнэлт гарчээ. Гэхдээ нуур болон далайн ёроолын лагийг хамаагүй авч болдоггүй юм байна. Ямартай ч Ганга нуурын ширгэж буй энэ асуудал аймаг орон нутаг төдийгүй улсын хэмжээнд олны анхаарлыг ихээр татаж байна. Монгол Улсад ажлын шугамаар ирээд байгаа Япон болон Тайланд улсын ус судлалын эрдэмтдийг Дарьганга суманд уриад байгаа юм байна. Тэдгээр эрдэмтэнд судалгааны багийн хамт удахгүй болох Ганга нуурын чуулганд ирж оролцон нуурын нөхцөл байдалтай газар дээр нь танилцах юм.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ