ДУНДГОВЬ: Үзлэгт хамрагдсан үйлчлүүлэгчдийн 33,7 хувь нь эрэгтэй байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-10-20 16:21:13
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 9 дүгээр сард аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаториор 7988 хүн үйлчлүүлснээс 6,0 хувь нь томуу, томуу төст өвчний оноштой гарчээ. Сарын дундаас хойш томуу өвчний гаралт харьцангуй нэмэгдэж, сүүлийн 7 хоногт энэ өвчнөөр 190 хүн өвдсөн байна.

Аймгийн ЭМГ-ын мэдээлснээр 2022 оны эхний 9 сарын байдлаар 495 эх амаржиж, 496 шинэ хүн төржээ. Төрөлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 25,2 хувиар буурсан байна.  

Энэ хугацаанд 0-1 насны хүүхдийн 4 эндэгдэл гарсан нь өмнөх саруудад бүртгэгджээ. Нас баралтын 186 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тухайн сард 27 хүн нас барсан байна. Нас баралтыг шалтгаанаар нь авч үзвэл 26,9 хувь нь хорт хавдрын улмаас нас баржээ.

Энэ оны эхний 9 сарын байдлаар стационарт 7938 эмчлүүлэгч хэвтэж, 7928 эмчлүүлэгч эмнэлгээс гарсан бөгөөд нийт 59851 ор хоног ашиглаж, дундаж ор хоног 7,5 байна.

Энэ хугацаанд нийт 110529 амбулаторийн үзлэг бүртгэгдсэнээс урьдчилан сэргийлэх үзлэг 15,7 хувь, өвчний учир амбулаторийн үзлэг 67,8 хувь, идэвхтэй хяналт 13,0 хувь, гэрийн идэвхтэй үзлэг 2,6 хувь, гэрийн дуудлагын үзлэг 0,9 хувийг эзэлж байна. Нийт үзлэгт хамрагдсан үйлчлүүлэгчдийн 33,7 хувь нь эрэгтэй, 66,3 хувь нь эмэгтэй байв.

Энэ хугацаанд 27851 өвчлөл бүртгэгдсэнээс халдварт өвчний 3419 тохиолдол бүртгэгдээд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс бүртгэгдсэн өвчлөлийн тоо нэмэгдэж, харин халдварт өвчний тохиолдол буурчээ. Сүрьеэ өвчнөөр 18, вируст гепатитийн халдвараар 2 хүн өвчилжээ. Түүнчлэн коронавирусний 293 тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас барсан байна.

Өнгөрсөн 9 дүгээр сараас эхлэн Нэгдсэн эмнэлгийн Дэмжих үйлчилгээний төвд шүдний кабинет байгуулж, шүдний үзлэг,оношилгоо, амны хөндийн зөвлөгөө өгч эхэлжээ. Тус үйлчилгээнд 0-18 насны 458 хүүхэд хамрагдаж, өвчилсөн шүдийг эрүүлжүүлсэн байна.

Холбоотой мэдээ