Кино найруулагч Б.Балжиннямын мэндэлсний 80 жил, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны 30 жилийн ойг тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-10-20 08:56:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт кино найруулагч Б.Балжиннямын мэндэлсний 80 жил, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны 30 жилийн ой энэ онд тохиож байна.


Ойн хүрээнд  “Кино найруулагч Бэгзийн Балжинням сан”-гаас “Монгол арт” галерейд энэ сарын 21-23-нд олон ажил зохион байгуулна.

2021 оны 12 дугаар сард байгуулагдсан “Кино найруулагч Бэгзийн Балжинням сан” ТББ Монгол Улсын Төрийн шагналт, УГЗ, нэрт кино найруулагч Б.Балжиннямын Монголын кино урлагт оруулсан хувь нэмэр, уран бүтээлийг судлах, сурталчлан таниулах, түүний бүтээсэн урлаг соёлын их өвийг хойч үедээ өвлүүлж, нэрийг нь мөнхлөх зорилготой.


Ойн хөтөлбөр маргааш “Мөнх тэнгэрийн хүчин дор-30 жил” эрдэм шинжилгээний хурлаар эхлэх бол “Гэрэлтье гэвэл шатах...” найруулагч Б.Балжиннямын амьдрал, уран бүтээлийн фото үзэсгэлэн, “Холын зэрэглээн дунд” номын нээлт, уран бүтээлчдийн уулзалт болох юм. Мөн “Түүхэн киноны уран зураач” Монгол Улсын Төрийн шагналт зураач Б.Пүрэвсүх болон Киноны зураачдын уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болох юм.

 

Түүнчлэн тус сан Саха Якут улсын ГХЯ-ны харьяа Улс түмнүүдийн Найрамдлын ордонтой хамтран “Кино найруулагч Б.Балжиннямын кино өдрүүд”-ийг 2022 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 2-нд, мөн ОХУ-ын Эрхүү хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газарын дэмжлэгтэй Эрхүү хотод 12 дугаар сарын эхээр тус тус кино өдрүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ.



Холбоотой мэдээ