ГОВЬ-АЛТАЙ: "Шинэ цагийн илгээлтийн эзэд" сайн дурын ажил зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-10-17 09:42:23

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Залуу малчин, тариаланчдад туслах, залуучуудын санаачилгыг дэмжих замаар улс орны бүтээн байгуулалт, хөгжилд залуучуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, сурталчлах зорилгоор “Шинэ цагийн илгээлтийн эзэд” үйл ажиллагааг аравдугаар сарын 14-нд зохион байгуулсан байна. 

Үйл ажиллагааны хүрээнд Говь-Алтай аймгийн ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн төвийн дэргэдэх сайн дурын залуус, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнууд, Орон нутаг судлах музейн ажилтны хамт Шарга сумын Тэргүүний тариаланч Д.Дэмбэрэлийн талбайд очиж, жимсний мод боох, бургасны суулгац бэлтгэх, чацарганы мод суулгах, тариалангийн талбайн услалтын шуудуу татах, хамгаалалтын торыг засах зэрэг ажилд тусалжээ. 


Мөн үеэр Шарга сумын уугуул Улсын аварга тариаланч Д.Бямбатөгс, С.Даваадорж нар газар тариалан, ургац хураалт болон тариаланчдын цаг наргүй их ажил, туслах хүн хүчний хэрэгцээ, ач холбогдлын талаар сайн дурын залуучуудад үнэтэй зөвлөгөө өгчээ.



Холбоотой мэдээ