Ю.В.Киселёв: Бид Монголд ногоон түлш нэвтрүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-10-13 11:50:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Новосибирск мужийн “Элит” компани модон шахмал түлш үйлдвэрлэн Монгол дахь хамтрагч “Саян Уранмандал” ХХК-иар дамжуулан манай улсын хэрэглээнд нийлүүлж эхэлжээ.


Энэ талаар өнөөдөр мэдээлэх үеэр “Элит” компанийн ерөнхий захирал Ю.В. Киселёвоос шахмал түлшний талаар тодруулав. Тус компани нь цутгасан модон эдлэл, хавтан, шахмал түлш үйлдвэрлэж Европын орнууд болон БНХАУ, БНСУ руу экспортолдог. Нарс модны, экологийн цэвэр, утаагүй түлшийг Монголын зах зээлд өнгөрсөн 9 дүгээр сараас эхлэн худалдаж байна гэв.




-Түүхий эд нарс модыг Монголоос нийлүүлэх үү? Шахмал түлшний технологио товч танилцуулна уу?

-Бид нарс модыг Монголоос хэрэглэхгүй, зуун хувь ОХУ-аас нийлүүлнэ. Манайх нарс модны үртэсийг дулааны аргаар шахаж шахмал түлш үйлдвэрлэдэг, энгийн, цэвэр технологитой. Түлш маань ч экологийн, цэвэр бүтээгдэхүүн, байгаль орчин болон хэрэглээнд ээлтэй ногоон түлш юм. Үүгээрээ бид Улаанбаатар хот болон Монголын хэрэглэгч нарт агаарын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмрээ оруулна гэж үзэж байгаа.




-Бүтээгдэхүүнээ Монголд бүртгүүлж, оруулж ирэхэд манай улсаас ямар шаардлага тавьж байна?

-Гол нь утаагүй, аюулгүй, шахмал түлш байх шаардлага тавьсан. Байгаль орчинд ээлтэй гэдэг нь лабораторийн шинжилгээгээр нотлогдож Монголын зах зээлд борлуулах эрхийг манай хамтрагч “Саян Уранмандал” ХХК аваад ажиллаж байна. Манай бүтээгдэхүүн нь цавуу, барьцалдуулагч зэрэг химийн ямар ч нэгдэл, хольцгүй, үнс үлдэхгүй (0.5 хувь), утаагүй, 11.4 хувийн чийгшилтэй, бүрэн шаталттай зэргээр онцлог. 12 ширхэгээр савласан 10 кг-ын ууттайг 15 мянган төгрөгөөр худалдаж байгаа. Нэг тонн ийм шахмал түлш маань хэрэглээгээрээ 5 тонн нүүрстэй тэнцдэг.



-Яаж хэрэглэдэг вэ? Монгол гэрт шууд түлж болох уу?

-Монголд хэрэглэж буй бүх төрлийн зуух, пийшинд хэрэглэж түлэх боломжтой. Эхлээд 2-3 цагт шатдаг. Тиймээс Монгол гэрт шууд дулаан үүсэхгүй. Нэг ёсондоо цогшсон гал дээр хийж ашиглавал илүү тохиромжтой гэв.


Тус компани нарсан шахмал түлшийг нэг сард 800 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай, ОХУ-ын Ангарск, Новосибирск, Усоль-Сибирск хотуудын хэрэгцээг хангаж ирсэн, тэдгээр хот нь утааны бохирдлыг 100 хувь бууруулж чаджээ. Түүхий эдээ, хар мод, нарс, хуш зэрэг модоор бэлтгэдэг байна. 





Холбоотой мэдээ