АНУ Күүкийн арлууд, Ниуэгийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөр шийджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-09-30 11:08:15

ВАШИНГТОН. /TASS/. Ирэх арван жилийн дэлхийн түүхийн чиг хандлага Ази, Номхон далайн бүс нутагт болж буй үйл явдлаас ихээхэн шалтгаална гэж АНУ-ын эрх баригчид үзэж байгаа бөгөөд Вашингтон тэнд орших арлын орнууд, нутаг дэвсгэрүүдтэй хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, Күүкийн арлууд, Ниуэ арлын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөр төлөвлөж байна. 


Ийм мэдэглийг гэж Америкийн удирдагч Жо Байден пүрэв гарагт Вашингтонд болсон АНУ болон Номхон далайн арлын орнуудын хамтарсан дээд хэмжээний уулзалтын үеэр хийжээ. 


Цагаан ордны тэргүүн хэлэхдээ, дэлхийн энэ хэсэг дэх арлын нутаг дэвсгэрүүдтэй АНУ-ын байгуулсан түншлэл нь милитарист Японыг ялж, дэлхийн II дайны үеэр Номхон далай дахь байлдааны ажиллагааг зогсооход хувь нэмэр оруулсныг сануулжээ. "Өнөөдөр ч мөн Номхон далайн аюулгүй байдал бидний хувьд, та бүхний хувьд ч бас маш чухал хэвээр байна. Америкийн аюулгүй байдал, үнэндээ дэлхий нийтийн аюулгүй байдал та бүхний аюулгүй байдал, Номхон далайн арлуудын аюулгүй байдлаас шалтгаална" гэж Вашингтоны засаг захиргааны тэргүүн дээд хэмжээний уулзалтын оролцогчдод хандаж үг хэлэхдээ мэдэгдсэн байна. 


Түүний мэдэгдсэнээр, “"COVID-19" цар тахал болон ОХУ Украин руу довтлоод байгаа энэ үед дэлхийн эдийн засгийг шударгаар сэргээн босгохын тулд, мөн Энэтхэг, Номхон далайн бүс нутгуудыг чөлөөтэй, нээлттэй, тогтвортой, хөгжиж цэцэглэсэн, хамгаалагдсан байдалд баталгаа олгохын тулд АНУ урьдын адил хамтран ажиллахад бэлэн байна”. “Дэлхийн түүхийн томоохон хэсэг ирэх жилүүдэд, хэдэн арван жилд Энэтхэг, Номхон далайн бүс нутгуудад бичигдэнэ” гэж Ж.Байден хэллээ. 


"Бид мөн хэд хэдэн чухал дипломат алхмыг хийж байна. Зохих зөвшилцөлд хүрсний дараа бид Күүкийн арлууд болон Ниуэг тусгаар тогтносон улс гэж хүлээн зөвшөөрнө гэдгээ мэдэгдэж байгаадаа баяртай байна. Мөн бид хамгийн ойрын гурван түнш болох Микронезийн Холбооны Улс, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Палау Улстай чөлөөт хамтын ажиллагааны гэрээ байгуулах хэлэлцээг амжилттай дуусгахаар шийдсэн" гэж Америкийн удирдагч онцлон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ